Дээхнэ үед Кремлээс утас цохиж, хэдэн дарга нарт лүндэн буулган заримыг нь ч бүр нутагтаа аваачин боловсон ёсоор цааш нь харуулдаг байсан тухай түүхийн шар хуудаснаа үлдсэн байдаг. Гэтэл өнөөдөр ОУВС-гаас улс орны амьдрал бүрэн хамааралтай болж, хураасан хэдээсээ хүртэл татвар төлөхдөө тулаад сууж байдаг. Өчигдөр төсвийн анхны тодотголоор Сангийн сайд ОУВС-аас тавьсан шаардлагын дагуу их, бага үл хамааран бүх хадгаламжийн хүүд татвар тооцохоор болсон тухай дуулгав. Бодит байдал дээр манайх шиг хэцүүхэн амьдралтай улс орны энгийн иргэд овойж оцойтол нь хөрөнгө мөнгө хураадаг нь хомс. Хураалаа гэхэд сайхан цагт төрөөс тарааж байсан хүүхдийн мөнгө, өөрөөсөө харамлан байж цааш хийсэн гээд өдөр тутмынхаа хоолны хэд гурваас илүүчилсэн л жаахан юмыг банкинд нүднээсээ далд хадгалуулдаг нь бий. Энэ бол хөдөлмөрчин иргэн бидний бодит амьдрал. Гэтэл тэртээ тэргүй ачааны хүндийг үүрч яваа иргэдийнхээ халаас руу ингэж гар дүрэх нь ичмээр хэрэг биш гэж үү.
Цаашлаад, хадгаламжийн хүүгээс татвар авч эхэлвэл иргэд Жамц баян шиг хураасан хэдээ гэртээ дараад, хадгаламжаа татвал яах вэ. Хэдэн банк нь лав савлах тийшээ хандах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь төлөвлөж байсан төсөв чинь тасарвал яах вэ, Сангийн сайд аа.
Тэгэхээр хэлэлцэж буй төсвийн тодотголоос харахад, ирэх жилд юун одоогийн эдийн засгийн “гамшиг”. Тэрнээс ч аймшигтай нөхцөл байдал хүлээж байгааг эдийн засагчид халаглаж байна. 2018 онд манай улс Чингис бондын 500 сая ам.доллар төлнө. Мөн Дим сим бондын 161 сая ам.долларын өрийн үндсэн төлбөрийг барагдуулах учиртай. Цаашлаад, мөн бусад өр зээлийн үйлчилгээг оруулаад тооцвол төсвийн 50-иас багагүй хувийг зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд зарцуулах шаардлага гарахаар байна. Яах бол, төлбөрийг бас хойшлуулах уу, өндөр хүүтэй зээлээр сольчихоод санхүүгийн чадварлаг махинац хэмээцгээх үү? Эдийн засгийн хүндрэл 2017-2018 оноор хязгаарлагдахгүй цаашид удаан үргэлжлэхээр төлөвлөгдсөн байгаа нь хамгийн их санаа зовоож буй асуудал юм.
Гэтэл эрх баригчид эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед наанадаж л, төрийн албан хаагчийг цомхотгох шаардлагагүй гэж үзсэн бололтой. Төсвийн тодотголтой хамт МАН-ын засаг төрийн албанд цомхотгол хийж, хэрэгтэй хэрэггүй зөвлөх, туслахуудаа цөөлж, сайдаасаа дутахгүй хангамж, цалинтай дэд сайдуудаа чөлөөлөх болов уу гэсэн хүлээлт нийгэмд бий болсон байсан. Гэвч улсын төсвийн гуравны нэг буюу 1.9 их наяд төгрөгийг үрдэг 180 мянга гаруй төрийн албан хаагчийг авч үлдэхээр шийдсэн төрийн бодлого татвар төлөгчид, баялаг бүтээгчдэд хүндээр тусна гэж эдийн засагчид шүүмжилж байна.
Цаашлаад, долоон төрлийн татвар нэмэх нь тодорхой болсон. За яах вэ, архи, тамхи, суудлын авто машины татварууд болж байна. Харин шатахууны импортын онцгой албан татварт нухацтай хандахгүй бол нэг өглөө л өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадчихдаг “жамтай”.
Эцэст нь хэлэхэд, монголчууд өөрсдийгөө биш зээл олгогчдыг тэжээхийн төлөө морь, нохой мэт ийнхүү зүтгээд байх шиг. Нэгэнт төсвийн орлогын ихэнх нь буюу 25-60 хувь нь өрийн төлбөрт явж байхад хэзээ бид ОУВС-ын эрх мэдлээс өндийх бол. Ёстой л ямар орон зай, цаг хугацаа туулахыг одоогийн байдлаар жирийн иргэн би байтугай САНГИЙН САЙД нь ч тааварлахгүй сууна.
О.МӨРӨН
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.