Таны биеийн эсэргүүцэл сайн бол сүрьеэгийн аюулаас айхгүй байж болно

2019-07-20 Нийтлэл

Мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна

Сүрьеэ гэж энэ айхтар өвчин (Mycobacterium tuberculosis) нянгаар үүсгэгддэг. Тэгэхдээ янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд үрэвслийн голомт үүсгэдэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. Анх 1882 оны гуравдугаар сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг нээжээ. Кохын савханцар буюу сүрьеэгийн нян нь гадаад орчинд маш их тэсвэртэй байдаг нь өвчин тархах нөхцөл бүрддэг байна. Тодруулбал, тоосонд 100 хоног, хөрсөнд зургаан сар, усанд 150 хоног гэх мэт. Харин удаан хугацаанд хуваагдан үрждэг буюу 20-24 цагт нэг удаа юм. Сүрьеэгийн нян нь царцамхай өөх тос ихээр агуулдаг тул физик-химийн хүчин зүйлс, хүчил, шүлтэнд тэсвэртэй байдаг. Харин буцалгахад 10 минут, чийгтэй нөхцөлд 75С хэмд 30 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд цагийн дотор устана.

Сүрьеэ өвчин дамжих замууд:

Энэ өвчний хамгийн эрсдэлтэй нь амьсгалын замаар халдварладаг. Хэрэв таны ойр орчимд вирус тээсэн хүн байгаа бол эрсдэлтэй бүс юм. Тодруулбал, уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах, найтаах, шүлсээ хаях, дуулах зэрэгт сүрьеэгийн нян агуулсан жижиг дуслууд агаарт цацагдаж бусад хүмүүсийг өвчлүүлэх аюултай. Энэ нь байнга хамт байдаг гэр бүлийн хүмүүс өвдөх эрсдэл өндөр байх ба харин нийтийн тээврийн хэрэгсэл, гудамж талбайд явж буй хүмүүс халдвар авах нь бага байдаг.

Сүрьеэ өвчин халдахгүй замууд:

Сүрьеэ өвчинтэй хүний хэрэглэдэг ахуйн хэрэглээний зүйлсийг дундаа хэрэглэх / аяга халбага, савсуулга, хувцас, ор дэрний хэрэгсэл, гар нүүрийн алчуур, хаалганы бариул / Бохир гар, ялаа, шумуулаар дамжихгүй. Мөн ахуйн хавьтал, цус цусан бүтээгдэхүүн, зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгсэл зэрэгээр дамжин халдварлахгүй.

“Халдвар авсан” гэдэг нь сүрьеэгээр “өвчилсөнөөс” ялгаатай юу:

Нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн “унтаа” байдалд шилжин хадгалагдана. Ийм тохиолдолд сүрьеэгийн “халдвар” авсан байна гэдэг. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямарч зовиур мэдэгдэхгүй, бусад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно.

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арга нь сүрьеэгийн сорил юм. Хэрэв хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах нэг үгээр хэлэхэд хүний биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ.

Өвчин үүсэх шалтгаан:

• Нийгэм болон орчны эрүүл ахуйн таагүй байдал

• Хоол тэжээлийн дутагдал

• ДОХ/Хүний дархлал хомсдолын вирусын халдвар

• Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх

• Дархлаа сулрах

• Стресс

• Жирэмслэлт

• Дагалдах өвчнүүдтэй байх (Чихрийн шижин, ходоод гэдэсний шархлаа өвчин, уушигны өвчин, хавдар) зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Шинж тэмдэг:

Халдвартай буюу уушигны хэлбэрийн сүрьеэгийн үед илрэх үндсэн шинж тэмдэг нь

• 2 ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах

• Цэр болон цустай цэр гарах

• Цээжээр өвдөх

Бусад буюу биеийн ерөнхий шинж тэмдэг:

• Бие сульдах, амархан ядардаг болох

• Хооллох дур багасах,

• Жин буурах, богино хугацаанд турах

• Шөнөөр хөлрөх

• Халуурах

Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллага ба эмчид хандаарай.

Цэрний түрхэцийн шинжилгээний арга нь халдвартай сүрьеэг илрүүлж өвчтөний эмчилгээг хянаж эдгэрсэн эсэхийг тодорхойлох гол арга юм.

Эмчилгээ:

Нэгэнт сүрьеэгээр өвчилсөн нь тодорхой болж онош тогтоогдвол даруй эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэд сүрьеэ өвчнийг үүсгэсэн “идэвхтэй” нянгууд устаад “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир тэднийг устгахын тулд эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Сүрьеэгийн эмчилгээ 2 үе шаттайгаар явагдана.Эхний шат буюу эрчимт эмчилгээ нь 2-3 сар үргэлжлэх ба энэ шатны эмчилгээгээр идэвхтэй нянгуудыг устгадаг бол хоёрдахь шатны буюу 4-6 сар үргэлжилдэг үргэлжлэх шатны эмчилгээгээр унтаа нянгуудыг устгана.

Эмчилгээний өөр нэг онцлог нь эмийг өдөр бүр, хяналттай уух шаардлагатай байдаг явдал юм. Нэг өдрийн тунг л уухгүй орхивол эдгэрэх хоног нэг өдрөөр хойшилно гэдгийг санаарай.

Сүрьеэтэй нэг өвчтөнг бүрэн эмчилж эдгэрүүлэхэд дунджаар 50 мянган төгрөгийн эм хэрэглэдэг байна. Манайд сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй бөгөөд харин өвчтөн өөрийн буруугаас эмчилгээгээ орхивол цаашдын эмчилгээ нь төлбөртэй гэдгийг анхаарч үнэ төлбөргүй эмчлэгдэх боломжийг битгий алдаарай.

Хэрэв эмчийн зааврыг дагаж эмчилгээгээ бүрэн хийлгэвэл сүрьеэ өвчин эдгэрнэ.

Сүрьеэгийн эсрэг эмийн хоногийн тунг өдөрт нэг л удаа ууна. Эмийг өдөр бүр хяналттай уух нь эмчилгээ үр дүнтэй болох гол арга юм. Гэхдээ бас эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж байдаг. Энэ нь сүрьеэгийн эсрэг эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдэнэ. Эмэнд дасалтай сүрьеэ нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүсдэг.

Үүнд:

• Эмнэлгийн байгууллагаас хамааралтай: Эмчилгээг хяналттай хийгээгүй, стандартын бус эмчилгээ явуулах, эмнэлэгийн халдвар хяналтын тогтолцоо хангалтгүй байх.

• Өвчтөнөөс хамааралтай: эмчилгээний заавар журмыг чанд мөрдөхгүй эмчилгээгээ таслах, эмийг өдөр бүр уухгүй байх буюу эмийн тогтмол бус хэрэглээ орох ба өвчтөнөөс хамааралтай шалтгаан дийлэнх хувийг эзэлдэг.

Эмэнд дасалтай сүрьеэ юунд хүргэх вэ?

• Нас баралт- Эмийн дасал ихэвчлэн үхэлд хүргэнэ.

• Халдвар – Өвчний явц удааширч, хүмүүст эмийн дасалтай нян халдааж өвчлүүлнэ.

• Өртөг – эмчилгээний хугацаа урт ба өндөр үнэтэй 2-р эгнээний эмээр эмчилгээ хийгдэх тул гарах зардал их байдаг.

• Эмэнд дасалтай сүрьеэг эмчлэхэд 2-р эгнээний эмүүд хэрэгтэй бөгөөд эмчилгээний хугацаа 18-24 сар хэрэглэж байгаа эм нь гаж нөлөө ихтэй.

• Эмийн дасалтай сүрьеэг үүсгэхгүй байх түүнээс сэргийлэх хамгийн хямд арга зам бол шинээр өвчилсөн сүрьеэтэй өвчтөнг шууд хяналттай эмчилгээ/ДОТС/ билээ. ДОТС-ыг хэрэглэснээр сүрьеэгээр өвчилсөн хүнийг бүрэн эдгэрүүлж, өвчин архагшихийг зогсоож,эрүүл хүмүүст эмэнд дасалтай сүрьеэ халдварлах замыг тасалж чадна.

Урьдчилан сэргийлэлт:

Сүрьеэгийн нян харанхуй, чийгтэй газар, ядарч сульдсан бие махбодид дуртай. Тиймээс:

• Ажил амралтын дэглэмээ зөв баримтлах

• Чанартай илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх

• Ажиллаж амьдарч байгаа байрандаа нарны гэрлийн тусгал оруулж байхад анхаарч, сайн агааржуулж байгаарай

Учир нь сүрьеэгийн няг нарны гэрлийн шууд нөлөөнд 2 цагийн дотор устдаг. Сүрьеэ өвчний тухай чимэглэл зураг

Ажил, амралтын ямар дэглэм баримтлах вэ?

Хэрэв та халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол хамгийн эхэнд анхаарах зүйл нь бусдад халдвараа тараахгүй байх явдал юм. Үүний тулд амны хаалт зүүх, цэрээ ил задгай хаяхгүй байж хэвшвэл энэ нь халдвар тархахыг багасгах арга болж чадна.

Сүрьеэгээр өвчилсөн үед биеийн жингээ алддаг бол хоол тэжээлийн дутагдал нь сүрьеэ өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг. Амин дэм ихээр агуулсан, илчлэг ихтэй хоол идэх нь зүйтэй.

Эмчилгээний явцад архи уувал эмийн гаж нөлөө гарч эдгэрэх боломжийг багасгах ба тамхи татах нь эрүүл хүнд ч хортой байдаг учир ядарч тамирдсан уушгаа улам хордуулах хэрэггүй биз ээ. Сүрьеэтэй өвчтөн эмчилгээ хийлгэж байхдаа 156 хүртэл хоног эмнэлгийн хуудас авах эрхтэй ба халдвар тараахаа больсон бол ажлаа хийж болно. Өөрөөр хэлбэл, Таны бие сайжирч халдвар ялгаруулахаа больсон бол ажлаа хийж болно.

Сүрьеэтэй тэмцэх ажилд таны оруулах хувь нэмэр:

Эмчийн зааврыг дагаж зохих журмын дагуу эмчилгээгээ бүрэн хийлгэлгүй тасалж өвчнөө архагшуулсан хүмүүс л энэ буруугаа бусдад тохож сүрьеэгээр өвчилвөл хичнээн эмчилгээ хийлгээд ч эдгэрдэггүй гэсэн буруу ухуулга хийдэг байна.

Гэтэл өнөөдөр эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны хяналтанд эмчилгээгээ бүрэн хийлгээд эрүүл болж ажил хөдөлмөрөө эрхлээд явж байгаа олон мянган хүмүүс бий.

Эмчлүүлээд эрүүл болсон хүмүүс та нар л олон түмний дунд сүрьеэ өвчний тухай таниулга хийж сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид нэн даруй хандаж хэрэв өвчилсөн бол эмчийн зааврыг дагаж эмчилгээгээ хийлгэвэл сүрьеэ өвчний ялж болно гэдгийг тэдэнд ойлгуулж, сурталчилж өгвөл өнөөдөр дэлхий даяар учирч буй гамшигийн нэг болоод байгаа сүрьеэгийн аюултай хийж байгаа тэмцэлд үзүүлж буй таны хувь нэмэр болох юм.

Сүрьеэ өвчин эдгэрдэг гэдгийг бусдад ойлгуулж чадвал сүрьеэтэй тэмцэх ажилд оруулж байгаа таны хувь нэмэр тэр болно.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.