Арван баатрын хойчийг залгамжлахыг ерөөлөө

2018-06-12 Мэдээ, мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн 016-р бригадын цэрэг эрсийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Үүнд тус бригадын бие бүрэлдэхүүн болон цэрэг эрсийн ар гэрийн хүмүүс оролцож хүндэтгэл үзүүллээ.

Цэргийн тангараг өргөх ёслолын өмнө бригадын байлдааны тугийг жагсаалд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, дайчин цэргүүд эр цэргийн тангарагаа өргөлөө. Мөн орон нутгийн удирдлагууд оролцож албан хаагч нарт эх орныхоо төлөө тангараг өргөж байгаад халуун баяр хүргэсэн юм.

Энэ өдөр 2018 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолт олны мэлмийг баясгалаа. Мөн урлагийн хэсэгчилсэн тоглолтын дараа Монгол цэргийн музейн үзмэрүүдийг дэлгэн тавьж олны хүртээл болгосон юм.

Түүнчлэн цэргүүд 32 бөхийн барилдаанд зодоглож, цэрэг эрсийн ар гэрийнхнийг хүлээн авч тэдний санал бодлыг сонслоо. Эх орноороо овоглох дайчин цэрэг эрсийг төрүүлсэнд 016-р бригадын удирдлагууд ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэв.

Сонирхуулахад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Зэвсэгт хүчний 016 дугаар бригад 1923 оны гуравдугаар сарын 1-нд Засгийн газрын гуравдугаар тогтоолоор “Хуягт тэрэгний суман” нэртэй байгуулагджээ.

Эгнээнээсээ арван баатар төрүүлсэн анги Монголд 016-р ангиас өөр байдаггүй гэнэ. БНМАУ-ын баатар Л.Аюуш, Т.Дүүдэй, Д.Хаянхярваа, Д.Данзанваанчиг, Л.Гэлэгбаатар, М.Жанчив нар энэ ангиас төрөн гарчээ. Тиймээс цэрэг эрсийг арван баатрын хойчийг залгамжилж шинэ баатар болохыг ирсэн зочид ерөөж байлаа.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.