Манайд “Эрүүл мэндийн даатгалын цахим систем” нутагших нөхцөл бүрджээ

2018-06-11 Нийтлэл

Томилолтын сурвалжлага

Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул болон Орхон аймагт ажиллаа. Ажлын хэсгийг тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Оюунханд ахалж, Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батбилэг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтанхуяг нар ажиллав.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие дааснаар эхний ээлжинд даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн тус салбарын ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилготой юм.

Энэхүү ажлын дараагийн алхам нь хувийн эмнэлгийг хоёрдугаар, улсын эмнэлгийг гуравдугаар, рашаан сувиллыг дөрөвдүгээр улиралд тус тус цахим системд холбохоор ажиллаж байна. Ийнхүү энэ ондоо багтаан цахим системийг орон даяар бүрэн нэвтрүүлэхийг зорьж буй юм.

Дархан-Уул аймагт эрүүл мэндийн цахим системийн хэрэгжилт хэвийн үргэлжилж байна

Ажлын хэсгийнхний эхний “зогсоол” Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт саатаж, кабинатуудын үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тус газрын шинэхэн эхлүүлсэн онцлох ажлаас сонирхуулахад, энэ оны эхнээс Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн төв байгуулан Япон улсын туршлагаас “нутагшуулан” ажиллаж эхэлсэн байна. Учир нь дэлхийн улс орнуудаас тус улс нь хүн амын дундаж наслалтаараа тэргүүлдэг. Үүний гол нууц нь эрүүл зан үйлийг сонговол таны өвчний түүх өөрчлөгдөнө гэсэн зарчимтай. Тиймээс энэхүү арга барилыг тус газрынхан нутаг орондоо хэрэгжүүлэн ажиллаж буй нь энэ аж. Түүнчлэн манай улсын хувьд, сүүлийн 20-н жилд хүн амын өвчлөлийн 72 хувь нь урьдчилан сэргийлж болох халдварт бус өвчнөөр өвчилсөн байдаг. Тиймээс иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах нь олон төрлийн ашиг тустай учир энэхүү төвийг нээн ажиллуулж байгааг төвийн удирдлагууд хэлж байлаа.

Ийнхүү ажлын хэсгийнхэн тус аймгийн хэмжээнд ажилладаг нийт таван Өрхийн эрүүл мэндийн төв болон гурван эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Ажлын хэсгийнхэн уг асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон Эмийн сангийн эрхлэгч нартай уулзалт зохион байгуулан цахим жорыг сайжруулах болон дутагдалтай байгаа асуудлаар санал бодол солилцон заавар зөвлөгөө өгсөн юм.

Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал бол аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй үнээр буюу даатгалаар эм олгодог 18 эмийн сан байдаг аж. Эдгээр эмийн сангууд харилцан адилгүй санхүүжилт авдаг. Ихэнх эмийн сангуудад эмийн нөөц хангалттай байдаг ч төрөөс олгож байгаа санхүүжилт бага учраас бүртгэгдсэн бүх иргэдийг хөнгөлөлттэй эмээр хангаж чаддаггүй байна. Нэг үгээр хэлбэл, тус аймгийн эмийн сангуудад олгогддог даатгалын мөнгө иргэдийнхээ хөнгөлөлттэй эмийн хэрэгцээнд хүрдэггүй гэсэн үг юм. Түүнчлэн цахим жорын жагсаалтад орсон 811 эмнээс шаардлагагүй эмнүүдийг нь хасах саналыг холбогдох эмч нар тодотгож байсан юм. Тухайлбал, амин дэм буюу витаминуудын талаар хөндөн ярилцлаа. Мөн хөнгөлөлттэй үнийн эмийн жагсаалтыг шинэчлэн гаргах санал хэлж байлаа. Үүнд, эмийн нэр төрлийг олон улсын нэршилээр нь жагсаалтад оруулах нь зөв гэв. Зүй нь одоогийн жагсаалтад үйлдвэрийнх нь нэршлээр оруулсан байдаг аж.

Мөн цахим системийн үйл ажиллагаанд шилжсэн нь салбарынханы тухайд, олон дамжлагат цаасны ажлыг нь хөнгөвчлөх гээд сайн тал их байгааг онцолж байв. Тухайлбал, эмийн сангийн ажилтнууд өмнө нь үйлчлүүлэгчийнхээ эмчийн бичсэн жор болон РД-ыг нэг бүрчлэн холбогдох программ руу шивж оруулдаг байсан бол тус ажил хөнгөвчлөгдсөн байна. Мөн эмч нарын жор бичилтийн алдаа гарахаа болисон гээд салбарынхан ам сайтай байлаа.

Ажлын хэсгийнхэн энэ удаад аймгийн хэмжээн дэх бүх Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцлаа. Эдгээрээс “ГОС” Өрхийн эрүүл мэндийн эмнэлэг нь улсын хэмжээнд гурван удаа “Шилдэг”-ээр шалгарч байжээ. Өдгөө 34.065 хүний эрүүл мэндийг хариуцан 15 их эмч, 20 сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үеэр тус эмнэлгийн их эмч н.Отгон “Хоёр эмч дундаа нэг компьютер ашигладаг нь үйлчлүүлэгчдэд болон эмч нарт хүндрэлтэй байдаг. Манай эмнэлгийн хувьд ногдох иргэдийн тоо их  учир хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмж тааруу байдаг. Тийм учраас иргэд өглөөний 05.00 цагаас эхлэн дугаар үүсгэн жагсдаг. Бид хэдийгээр иргэддээ үзлэгээ хийж, жор бичиж олгодог ч эмийн сангийн санхүүжилт дуусчихдаг учраас иргэд их бухимдалтай байдаг. Гэхдээ цахим жор олгодог болсноор бидний ажилд цаас чирэгдэл багатай болсон. Эцэст нь дүгнэж хэлэхэд, цахим системийн энэхүү ажиллагаанд иргэд болон салбарын ажилтнууд бид дэмжиж буй ч нарийн зохион байгуулалт, зохицуулалт үгүйлэгдэж байгааг онцлон хэлмээр байна.” гэсэн юм.

Энэ мэтчилэн салбарынхан уг асуудалд байр сууриа хэллээ. Харин ажлын хэсгийнхэн аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилт, цахим програм хангамжийн  ашиглалт, хэрэгжилтийн талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав. Мөн холбогдох байгууллага хоорондын уялдааг хангах ажиллагаанд заавар, зөвлөгөө өгч байсан юм.

Ажлын хэсгийнхэн бүтэн сайн өдөр Орхон аймагт ажиллав.

Тус аймгийн хувьд, өндөрлөг бүсэд байрлалтай учраас дулааны улиралд артерийн даралт ихсэх болон зүрх судасны өвчин зонхилдог байна. Тэр утгаараа эл төрлийн өвчний эмийн хэрэглээ хэд дахин нэмэгддэг аж. Зуны сар гарсаар панангин буюу зүрхний эм хамгийн ихээр хөнгөлөлттэй үнээр олгогдсон байна. Тодруулбал, 223010 хайрцаг борлуулагдсан нь тоон үзүүлэлтэд тэргүүлж байгаа юм.

 

Тэгэхээр тус аймаг нь найман Өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд үйлчилж байна. Ажлын хэсгийнхэн эдгээр төвийн үйл ажиллагаатай танилцаж, цахим систем болон эмч нарын жор бичилтийн өнөөгийн нөхцөл байдал болон даатгуулагчдын хүлээгдэл, чирэгдэл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Мөн Өрхийн эрүүл мэндийн удирдлагууд болон эмийн сангийн эрхлэгч, аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох ажилтнуудтай уулзалт зохион байгуулан санал бодлоо солилцон мэргэжил арга зүйгээр хангах чиглэлийг олголоо.

Энэ үеэр салбарын ажилтнууд цахим жорын сүлжээнд шилжсэн нь аль аль талдаа ажил хөнгөвчилсөн ололттой шийдэл болсон. Гэхдээ сайжруулах зүйл байгааг өөрсдийн ажлын туршлагаас улбаалан хэлж байлаа. Тухайлбал, иргэд мэдээлэл багатай байдгаас үүдэн сарын эхний өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд ачаалал үүсгэдэг байна. Учир нь хөнгөлөлттэй үнийн жорыг зөвхөн сарын эхний өдрүүдэд бичдэг гэсэн ойлголттой байдаг аж. Түүнчлэн эмийн сангийн санхүүжилт зорилтот бүлэгт хүрэлцдэггүйтэй холбоотой аж. Тиймээс ажлын хэсгийнхэн уг асуудалд зөвлөгөө, зааварчилгаа өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн дугаарлалт үүсгэхгүйн тулд Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар стандартаа барьж ажиллахыг үүрэгдлээ. Зүй нь тухайн өвчтөнийг журамд заасны дагуу 15 минутанд үзлэг хийж, оношоо тавьж, жороо бичих ёстойг анхааруулж байлаа. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зүгээс иргэдийн дарааллыг хэрхэн багасгах талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, тухайн иргэнийг хөнгөлөлттэй үнээр олгох эмнээс нэг сар өнжөөд бүртгэх талаар хөндөж байв. Түүнчлэн холбогдох эмийн сангуудын санхүүжилтийг нэмвэл урт дараалал үүсэхгүй гэдгийг ч хэлж байлаа.

Мөн энэ үеэр ажлын хэсгийнхэн “Медипас” эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал бодлоо солилцов. Түүнчлэн “Бамбай”, “Мөнхийн гэгээ”, “”Алтанзул”, “Отгонтэнгэр” гэх мэт хэд хэдэн эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох заавар зөвлөгөөг өгсөн юм. Тэгэхээр сар бүр үүсээд байгаа иргэдийн энэхүү замбараагүй дугаарлалтыг багасгах нэг алхам нь Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар буюу жор олгох эрх бүхий хүмүүст тухайн эмийн сангийн санхүүжилт дууссан, үгүй нь цахим хуудсанд ил тод, нээлттэй харагддаг болох програмыг нэвтрүүлэх явдал юм. Ингэснээр өрхийн эмч нар санхүүжилт нь дуусаагүй  эмийн санг иргэдэд зөвлөж, хаа хаанаа бухимдал, чирэгдэл үүсэхгүй байх болно гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж байлаа.

О.СЭЛЭНГЭ

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.