М.ЭНХБОЛД: Монголын парламент хүнд суртал, хээл хахуультай хатуу тэмцэнэ

2018-05-21 Нийтлэл

“Монголын эдийн засгийн чуулган-2018”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үгнээс иш татаж байна. 

 

-Сүүлийн 2 жилийн хугацаанд Монголын хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэрийн дийлэнх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гаднынхны сонирхолд нийцсэн, Монголын эрх ашигт зохицсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн юм.

-УИХ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Засгийн газар төдийгүй орон нутагт эдийн засгийг сэргээх чиглэлээр хэн, юу хийх ёстой вэ гэдэг маш тодорхой зорилтыг баталсан.

-Олон улсын байгууллагууд, ОУВС, хандивлагч улс орнуудтай бүрэн ойлголцож, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсад тулгамдсан өр зээл, төсвийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг гэтлэн давах, гадаад орчинд Монголыг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

-Хасах 1.2 хувийн уналттай байсан эдийн засаг сүүлийн 6 сарын дотор 6.1 хувийн өсөлттэй болж чадлаа. Энэ бол хамгийн сүүлийн тоо.

-Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн газраас 2018 оны нэгдүгээр улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өслөө гэсэн мэдээг танилцуулсан. 2016 оны нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал 664 тэрбум төгрөг байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ бол төсвийн талаар бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж ойлгож болно.

-Манай улсын дотоод валютын нөөц 2.4 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал 1.6 дахин нэмэгдсэнээр 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

-Бид 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай улс орон гэж зарлагдаж байснаа 180 сая ам.долларын хөрөнгө оруулалттай болон уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байсан үеийг мартах учиргүй. Өнөөдөр бид энэ үзүүлэлтийг 2.3 тэрбум ам.доллар болгож чадлаа.

 

-УИХ-ын гишүүдийн санаачилсан “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. 2017 оны хоёрдугаар сард бид оёдол, нэхмэл, хүнс, хөдөө аж ахуй зэрэг таван салбарын, жилдээ 1.5 тэрбумаас доош орлоготой ААН, байгууллагуудыг татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэгвэл бид 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 200-гаас доош ажиллагсадтай жижиг, дунд хэлбэрийн ААН-үүдийг татварын 1 хувийн болон зээл, урамшууллын тогтолцоонд хамруулах, тэднийг төрөлжүүлж хөгжүүлэх бодлогыг бий болгож, жижиг бизнес, ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг энэ хуулиар дэмжих ёстой гэж үзэж байна.

-Эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах нь юу юунаас чухал байна. Үүний тулд УИХ ойрын үед Өрсөлдөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Тендерийн тухай хууль болон хөдөө аж ахуйг дэмжих Хөдөө аж ахуйн хөгжлийн тухай зэрэг хуулиудыг батлах буюу өөрчлөн шинэчилж, эрхзүйн орчныг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.

-Дэлхийн банкнаас гаргадаг засаглалын индексийн судалгаагаар Монгол Улс засаглалын хувьд сүүлийн 10 жилд тодорхой амжилт олсон байна гэсэн үнэлэлт өгсөн байна. Харин хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлэн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрхзүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно.

 

Хууль л амла!

1 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.