Гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа хүүхдүүд

2018-11-5 Нийгэм

 

Монголын өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүрээнд үүсч буй чамгүй олон асуудал байгаагийн нэг нь хөдөөгийн малчдын хүүхдүүдийг сургуульд сургахтай холбогдож гарч буй хүндрэл бэрхшээл юм. 2017-2018 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Манай малчдын хүүхдүүдийн дийлэнх нь өдөр тутам гэрээсээ хичээлд явах боломжгүй гэдгийг та бид бүгд мэднэ. Тиймээс хөдөөгийн сургуулиуд дотуур байртай байдаг бөгөөд улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна.

Дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин үйлчилгээний хангалтгүй байдал зэргээс шалтгаалан ихэнх малчдын хүүхдүүд дотуур байранд биш айл хамаатан садныдаа, айлын хашаанд тусдаа гар барин бие дааж айлын ууган хүүхэд нь дүү нараа асран амьдарч байгаа бол нилээд малчин өрхийн эхнэр нөхрүүд нь хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд тусдаа амьдарч байгаа. Айлын эхнэр нөхөр хичээлийн жилийн турш тусдаа амьдрах энэ үзэгдлийг гаднын ямар ч мэргэжилтэн ойлгохгүй байгаа гэнэ. Бие холдвол сэтгэл гэдэгчлэн хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд тусдаа амьдарч буй гэр бүлийн хойшдын ирээдүй баталгаатай юу?

Дотуур байрны төслийн мэргэжилтэн Б.Цогбаярын хэлж байгаагаар тухайн суманд айлд амьдарч буй хүүхдийн тоо нь сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоотой ерөнхийдөө ойролцоо байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд дахиад 35 мянга гаруй хүүхэд айлд амьдарч байх магадлалтай. Эдгээр хүүхдүүдийн тоог тухайн сургуулийн нийгмийн ажилтан хөтлөөд явдаг жишиг тогтсон байна. Харин өрх тусгаарлан сумандаа бие даан амьдарч байгаа хүүхдүүд, хөдөө мал дээр нөхрөө орхиод хүүхдүүдээ асарч буй эхнэрүүдийн талаар олигтой судалгаа, баримт байхгүй байна.

Монгол Улс анх мянганы зорилтоо дэвшүүлэхдээ дотуур байрны хүүхдийн тоог 2.1 дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавихад, хүүхэд ямар ч үед гэртээ амьдрах ёстой гэж үздэг барууныхан төдийлэн ойлгохгүй байсан гэдэг.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.