Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байна

2018-05-25 Нийтлэл

 Монгол Улс жендерийн тэгш бус байдлаар дэлхийд 159 орноос 53-т жагсдаг хэдий ч олон монгол эмэгтэйчүүдийн хувьд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцөлүүд нь хязгаарлагдмал хэвээр байна гэж Дэлхийн Банкны шинэ судалгаанд цохон тэмдэглэжээ.
Манай орны хөдөлмөрийн зах зээлд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцооны түвшин өөр, цалин хөлс ялгамжаатай, эмэгтэйчүүд баталгаагүй албан бус ажил хөдөлмөр эрхлэх хандлага өндөр байгаа зэргээр жендерийн тэгш бус байдал илэрч байна.

“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлын талаарх чанарын судалгаа” сэдэвт семинарыг гуравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Дэлхийн банк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулав. Дэлхийн Банкнаас гаргасан судалгааны тайлангийн  нээлтэд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн 70 гаруй оролцогч энэ арга хэмжээнд оролцсон байна.

“Энэхүү судалгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлын талаар хийгдсэн анхны чанарын судалгаа болсон бөгөөд жендерийн тэгш бус байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодлогын зөвлөмжүүдийг багтааж байна. Судалгаанд нийгмийн давхаргын янз бүрийн гишүүдтэй хийсэн намтрын судалгааны ярилцлагууд болон фокус бүлгийн хэлэлцүүлгүүд, түүнчлэн орон нутгийн хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллагуудын мэргэжилтэн шинжээчидтэй хийсэн ярилцлага зэргийг ашигласан,”  хэмээн судалгааны тайлангийн хамтран гаргасан Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Ахим Шмилэн онцлов.

Монголд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад илүү өндөр байдаг хэдий ч эмэгтэйчүүд өөрсдийн олж авсан боловсролыг ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцох боломжоор харьцангуй дутмаг байна гэж уг тайланд онцолжээ.

Харин ч эрэгтэй, эмэгтэй ажиллах хүчний хөдөлмөрийн зах зээл дэх оролцооны зөрүү өнгөрсөн хорин жилийн хугацаанд хоёр дахин өсөж, өнөөдөр  12.6 хувиас хэтрээд байна. Эмэгтэйчүүдийн олонх нь, ялангуяа хөдөө орон нутагт, баталгаагүй албан бус салбарт болон цалин хөлсгүй өрх гэрийн ажлуудыг хийдэг. Мөн бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад хавьгүй доогуур байгаа юм.

“Ажиллах хүчний оролцооны хувьд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд ялгаатай байдал их байна. Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг шийдвэрлэх нь Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй нөөц болох хүний нөөцөө ирээдүйд бүрэн дүүрэн ашиглахад тусална” гэж Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлэв.

Чанарын судалгаагаар жендерийн тэгш бус байдалд хүргэж буй суурь шалтгаануудыг ажлын байран дээрх уламжлалт ойлголт, хэм хэмжээ, үнэт зүйлс, ахмад настан болон хүүхэд асрах үйлчилгээний чанар, тоо хэмжээ нь хангалтгүй байдаг хэмээн дүгнэжээ.

Энэ дүгнэлт нь Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын талаар Дэлхийн Банкнаас өмнө нь гаргасан судалгааны нэг дүгнэлт болох сургуулийн өмнөх боловсролын хүртээмж ерөнхийдөө өссөн хэдий ч эмзэг, ядуу бүлгийн хүүхдүүд уг тогтолцоонд хамрагдахад бэрхшээлтэй хэвээр байна гэсэнтэй нийцэж байгаа юм. Ийм ялгавартай байдал нь хүүхдүүдэд төдийгүй хөдөлмөрийн зах зээлээс гадуур үлдэж хоцорч буй асран хамгаалагч нарт нь, улмаар нийгэмд өндөр өртгийг бий болгож байгаа юм.

Эдгээр хүндрэл бэрхшээлийг жендерт суурилсан хүндрэлтэй асуудлуудад чиглэсэн хууль эрх зүйн орчин болон бодлогын зохицуулалтыг сайжруулснаар шийдвэрлэх боломжтой. Нэг чухал алхам бол хүйсээр ялгаварлан гадуурхах байдлыг хориглох хуулийн шаардлагыг тодруулж, жендерийн тусгайлсан шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан хяналт үнэлгээг сайжруулах явдал юм. Ахмад настан, хүүхэд асрах үйлчилгээг өргөжүүлэн сайжруулж, ялангуяа хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд өргөнөөр хамруулснаар олон эмэгтэйчүүд ажлын байраа хадгалж үлдэхэд түлхэц өгнө.

Бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд үзүүлэх санхүүгийн болон сургалтын дэмжлэгийг нэмэгдүүлснээр тэдэнд бизнесийн боломжоо бүрэн ашиглахад нь тусалдаг. Эцэст нь, ажил олгогчид, хүний нөөцийн менежерүүд болон нийт хүн амын дундах жендерийн хэм хэмжээ, хандлагад нөлөөлөх урт хугацааны арга хэмжээнүүд шаардлагатай байна.

Хууль л амла!

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.