Нөөцийн мах энэ жил хямд худалдаалагдаж байна

2018-05-4 Ханш

Хаврын тарчиг цаг эхэлж махны үнэ тэнгэрт хадаж эхэллээ. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд иргэдэд тогтвортой  хямд үүнээр нийлүүлэхээр бэлдсэн  мах энэ сарын 10-наас худалдаанд гарсан. Энэ удаад нөөцийн мах өмнөх жилүүдийнхээс арай хямдаар зарагдаж буй юм.

Тодруулбал, өнгөрсөн онд үхрийн махны жижиглэнгийн үнэ 5750, хонины мах 5450 төгрөг байсан. Харин энэ жил үхрийн мах нэг кг нь 5500, хонины мах 5300, ямааны махыг 4400 төгрөгөөр худалдаалж байгаа юм.  

Тэгэхээр энэ жилийн хувьд, 11 аж ахуйн нэгж 13 мянган тонн мах бэлтгэсэн аж. Үүнээс 24.1 хувь нь үхрийн мах, 40.8 хувь нь хонины мах, 35.1 хувь нь ямааны мах бэлтгэжээ. Мөн сонгон шалгаруулалтаар мах бэлтгэн нийлүүлэх компаниудад арилжааны дөрвөн банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүнд Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк, Капитал банк, Хас банк сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдэд жилийн 21 хувийн хүүтэй зээл олгожээ. Харин зээлийн хүүгийн 11 хувийг ХХААХҮЯ хөнгөлж өгнө. Нийт 41.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Түүнчлэн өмнөх жилүүдэд нөөцийн махыг хоёр болон таван кг-аар савладаг байсан. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвараас хамааран таван кг-аар савласан махны борлуулалт муу байсан аж. Тиймээс энэ жил таван кг-аар савласан махны тоог цөөлсөн гэдгийг холбогдох албанаас тодрууллаа. Харин түгээлтийн тухайд, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 180 гаруй дэлгүүрт борлуулж байсан. Энэ жил 217 дэлгүүрт нөөцөлсөн мах борлуулж байна.

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.