Соёлоор дамжуулах сурталчилгаа ба K-поп

2018-04-12 Нийтлэл
 Монголчуудын хамгийн их зорчдог гадаад улс орныг БНСУ тэргүүлэх болсон. Олон ангит кино, К-поп хөгжмийн урсгал, төрөл бүрийн хачир бүхий халуун ногоотой хоол гээд монголчуудад хэдийнэ танил, хэрэгцээ сонирхлын салшгүй хэсэг болсон зүйл цөөнгүй.

Эдүгээ 36 мянга монгол иргэн ажиллаж амьдарч байгаа тул улсад нэг сар хүрэхгүй хугацааны дараа Өвлийн олимпийн 23 дахь удаагийн наадам эхэлнэ. Пёнчаны цагаан олимпийг тохиолдуулан тус улс зөвхөн спортын уралдаан тэмцээнээр хязгаарлахгүйгээр улс орныхоо уламжлал, урлаг соёл, орчин үеийн амьдралын хэв маягаа сурталчлах  олон төрлийн аялал, арга хэмжээ зохиож байгаа юм.

Үүний нэг нь БНСУ-ын төрийн байгууллага болох Солонгосын аялал жуулчлалын нийгэмлэг (KTO)-ийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй FAM tour аялал юм. Уг аяллаар Солонгосын онцлох бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрууд, жуулчдын сонирхлыг татдаг өвөрмөц байгууламж гээд олон зүйлийг таниулан сурталчилдаг бөгөөд энэ удаад солонгос залуусын амьдралын хэв маягийн салшгүй хэсэг болсон К-поп урсгалын талаар товч өгүүлье.

ЗАЛУУСЫН  ДИВААЖИН “SM TOWN”

Орчин үеийн солонгос залуусын амьдралын хэв маяг, соёлыг мэдэрч чадах нэгэн сонирхолтой газар Сөүлд байдаг. SM TOWN нэртэй уг 6 давхар барилга нь нэр алдартай хүмүүстэй уулзахад хамгийн дөт бөгөөд шинэлэг, басхүү залуусын хүсэл мөрөөдлийг өдөөдөг төрөл бүрийн “промоушн” арга хэмжээ зохиогддог орчин юм.

Энд К-поп урсгалыг дэлгэрүүлэх төрөл бүрийн үзэсгэлэн, урлагийн тоглолт тогтмол болдог ба урлагийн ертөнцөд хөл тавих сонирхолтой хүүхэд залуусыг пробонд оруулж, шалгаж, бэлддэг студиуд байдаг аж.

Байгууламж бүхэлдээ гоё сайхан төрхтэй, ганган, хөөрхөн солонгос оддын хөрөг зураг, дүрс бичлэг, тэдний тоглосон кино, зар сурталчилгааны мэдээллээр дүүрэн байдаг. Хоёрдугаар давхарт олны танил хүмүүсийн хөргийг хэвлэсэн эд зүйлс, цүнх, малгай сэлтийг худалдаалдаг дэлгүүр бий. Мөн алдартнуудад төрөл бүрийн лого болон зурагтай бүтээгдэхүүнүүдийг санал болгож, зурагтын шоу нэвтрүүлэгт сурталчлуулдаг байна.

Гуравдугаар давхарт дуу бичлэгийн болон фото студи байрладаг. Энд төрөл бүрийн сургалт зохиогддог бөгөөд зорьж ирсэн залууст мэргэжлийн хүмүүс дуу, бүжиг, биеэ авч явах, гадаад төрхөө бүрдүүлэх зэрэг сургалтууд өгдөг аж.

К-поп урсгал бол төрөлхийн авьяастай дуучин төрүүлнэ гэхээсээ хүний нүд татах имиж бүрдүүлсэн, залууст үлгэр дууриал болохуйц бие авч явдаг, өнөө цагийн Солонгос орны нүүр царай болж чадах, зөв төрх, хүмүүжилтэй хүмүүсийг төрүүлэхийг эрмэлздэг гэж хэлж болно.

Тиймдээ ч Солонгостоо алдартай “CJ Entertainment & Media” компанийн дэд ерөнхийлөгч Жун Ан нэгэнтээ “Би чадварлаг дуучин гарч ирэхийг хүлээдэггүй. Харин тэднийг бүтээдэг юм” хэмээн ярьсан байдаг.

SM TOWN дахь дуу бичлэгийн студид шинэ залуу одод дуугаа бичүүлсний дараа мэргэжлийн уран бүтээлчид хоолойг нь засч сайжруулан, студийн мэргэжлийн баг видео клипээ хийхэд нь тусалдаг. Түүнчлэн мэргэжлийн фото студи ажиллаж, тухайн дуучны хувь онцлогийг илтгэсэн гэрэл зургуудыг үйлдвэрлэж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулахыг хүссэн ямар ч компани татгалзахын аргагүй болтол донж маяг бүрдүүлж өгнө. Ингэснээр шинээр төрж буй болон нэгэнт нэр алдар олсон одод бусдаас ялгарахуйц өөрийн гэсэн хэв маягаа олж, шоу бизнес-к поп урлагт орон зайгаа эзлэхэд дөхөм болдог аж.

Дөрөвдүгээр давхарт ажиллах Эс Эм Таун кафед амттан, уух зүйлс болон уран бүтээлчдийн бүтээл байхаас гадна номын сан ажилладаг бол 5, 6 дугаар давхарт кино театр бий. Орчин үеийн дэвшилтэт технологи, дуу дүрсний гайхамшигийг илтгэсэн уг театрт үзэгчдийг 270 градусын өнцгөөр тойрсон, 40 метрийн долгионтой дэлгэц бий. Энд зөвхөн кино гараад зогсохгүй амьд хөгжмийн тоглолт, фэн клубын уулзалт зэрэг зохиогддог аж.

“K-Pop” стилийн дуу хөгжим БНСУ-ын экспортын гол “бараа” болоод байна. “Time” сэтгүүлд БНСУ-ын хөгжмийн зах зээл өнгөрсөн онд улсынхаа нийт экспортод 83.3 сая ам.долларын ашиг оруулсан аж. 2005 онд дэлхийн хөгжмийн зах зээлийн рейтинг нь 33 дугаарт байсан бол, өнгөрсөн онд 11 болтлоо өссөн учраас цаашид эдийн засагтаа дээрхээс хэд дахин илүү орлого оруулах боломжтой аж.

Төрөөс баримталдаг аялал жуулчлалын бодлогод ч к-поп урлаг тодорхой хувийг эзэлдэг. Тэд америк хэв шинжийг солонгос хөрсөнд буулгасан, өөрийн гэсэн өвөрмөц дүрх төрх, чиг хандлага бүхий энэ урсгалыг хөгжүүлснээр тус улс руу чиглэх жуулчдыг ихээр татах болсон гэнэ. “Солонгос үндэстний тухай хоёр зүйл олон хүний сонирхлыг татдаг. Эхнийх нь Хойд Солонгос, хоёр дахь нь “K-Pop” хэмээн Жун Ан хэлсэнийг энд дахин сийрүүлье.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.