Нуруу, үе мөч, бөөр өвдөөд байвал сүрьеэгийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй

2020-06-21 Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Д. Ганцэцэгтэй ярилцлаа.

Хүмүүс сүрьеэ гэхээр тоомжиргүй ханддаг уу ?

Сүрьеэ хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халдварладаг нянгийн гаралтай халдварт өвчин. Энэ нян нь хүний биеийн эрхтэнг гэмтээдэг. Ихэнх тохиолдолд уушгийг өвчлүүлдэг.

Тэгвэл гар барих, эд агуурсаар дамжиж халдахгүй гэсэн үг үү?

Яг тийм. Халдахгүй.

Ямар замаар халдвар дамжина гэж?

Уушгины сүрьеэтэй хүн найтаах, ханиах, ярих үед сүрьеэгийн нян агаарт цацагдсанаас халдвар тархдаг.

Халдвар авсан эсэхээ яаж мэдэх вэ. Нян хүний нүдэнд үзэгдэх биш?

Тэр амаргүй. Халдвар авсан тохиолдолд  14 болон түүнээс дээш хоног ханиалгах, цэр, цустай цэр гарах, цээжээр өвдөх, турах, бие сульдах, халуурах, шөнийн цагт хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж юу юм бэ?

Эмчилгээ байхгүй учраас ихэнх нь нас барсан байдаг. 2006 оноос хойш энэ эмчилгээнд орсон хүмүүс эмчлэгдэж эмчилгээний амжилт гарсан. 2016 он гэхэд жил бүр 200 гаруй тохиолдол лабораториар оношлогдсон. Үүний 85 орчим хувь нь эмчилгээнд хамрагдсан. Энэ эмчилгээ нь 2 жил эмчийн хяналт доор байснаар эдгэрнэ. Яг эмэнд мэдрэг сүрьеэтэй харьцуулбал эдгэрэлтийн түвшин хангалттай бус нилээн төвөгтэй удаан хугацаа шаарддаг, эмийн гаж нөлөө ихтэй, олон төрлийн эмийг 2-3 жил уудаг. Өвчтөн болон эмнэлгийн ажилчдаас нилээдгүй тэсвэр тэвчээр шаардаж байж энэ эмчилгээний ард гардаг. Одоогийн байдлаар манай улсын эмчилгээний амжилт дэлхийн дунджаас өндөр байгаа. Дэлхийн дундаж 53 хувьтай, эмчилгээний амжилттай байхад  манай улсынх  65-67 хувьтай байна. Мөн удаан хугацааны эмчилгээний явцад өвчтөн эмчилгээнээс татгалзах, эмчилгээг таслах, эмийн гаж нөлөөнд өртөх нь их байдаг. Энэ нь нийт эмчилгээнд хамрагдагсдын 12 орчим хувийг эзэлдэг.

Ямар шалтгааны улмаас эмчилгээнээс татгалзаж байна вэ. Гайхах, сэтгэл эмзэглэмээр ч юм шиг сонсогдож байна?

Эмчилгээнээс татгалзаж байгаа нь тухайн өвчтөнтэй нилээд холбоотой. Тэр хүн эмчилгээний талын боловсрол мэдээллийг бүрэн аваагүй байх нь бий. Нөгөөтэйгүүр эмэнд тэсвэртэй сүрьеэ бол эмийн гаж нөлөө гэж төгс ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөн бөөлжих, дотор муухайрах гэх мэт шалтгаанаас болж  цаашид төгс эмчилгээ хийлгэхээс татгалздаг. Зарим нь энэ эмчилгээг дийлэхгүй юм байна гэдэг. Мөн гадагшаа явах, уул уурхайд ажилтай гэх шалтгаануудаар хаяад явдаг тохиолдол ч бий.

Ер нь сонин тохиолдол юм аа. Өөрт чинь энэ хүн ийм шалтгаанаас болоод эмчилгээгээ тасаллаа даа гэх мэдрэмж төрж байв уу?

Миний хувьд яг сүрьеэг эмчилдэг эмч биш. Тандалт судалгааны  албанд ажилладаг. Давхар судлаач хийж  байгаа. Ерөнхийдөө эмч нарын хэлж байгаагаар бол өвчтөнөөс шалтгаалсан нь нилээдгүй байдаг. Яагаад өвчтөн эмчилгээгээ таслаад байна вэ? гэдгээр дэлхий дахинд нилээдгүй судалгаа хийгдсэн байдаг. Жишээлбэл, 2013 онд нийт эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь эхний хоёр сард эмчилгээгээ тасалдаг нь тогтоогдсон. Энэ нь эхний хэдэн сарын эмчилгээгээр бие илааршлаа, эрүүл боллоо гэж өөрөө үзээд хаяад явсан байдаг. Өөр бас нэг шалтгаан нь нийгэм, эдийн засгийн нөхцөл нөлөөлж байна. Тухайн өвчтөн эмчилгээний явцад өдөр бүр эмчийн хяналт дор эм уух ёстой байдаг. Гэтэл өвчтөнд эмийг нь харуулж уулгах ёстой эмч тухайн эрүүл мэндийн байгууллага руу заавал очих байтал тээврийн зардал дутагдалтай байгаагаас болж  өвчтөн эмчилгээгээ тасалдаг тал бий. Ийм нэг сул тал байдаг нь судалгаагаар нотлогдсон.

Сүрьеэ өвчнийг дотор нь халдвартай, халдваргүй гэж  хоёр ангилдаг юм шиг байдаг. Тэгэхээр энэ хоёрыг ангилах боломж нь хэр байдаг юм бол?

Олон улсын ангиллаар уушгины ба уушгины бус гэж хоёр ангилдаг. Уушигны сүрьеэг дотор нь халдвартай болон халдваргүй хэлбэрийн гэж хоёр хуваадаг. Уушигны халдвартай, халдваргүйг лабораторийн шинжилгээгээр баталдаг. Харин уушигны бус хэлбэрийн сүрьеэ нь бусад эрхтэнд сүрьеэ үүсгэгч  байршсанаас үүдэлтэй тухайн эрхтнээс нь шинж тэмдэг илэрдэг. Үүнийг нарийн оношилгоо болон мэргэжлийн  эм зүйч онош тавьж тогтоодог. Өөрөөр хэлбэл, бөөрний хэлбэрийн сүрьеэ гэхэд гаднаас  хараад мэдэгдэхгүй, халдвар тараахгүй. Бөөр нь өвдөөд л байна гэсэн үг. Ялгахын тулд заавал  оношилгоо хийлгэх  шаардлагатай болно. Ялангуяа уушигны нуруу, нугасны сүрьеэ дийлэнх хувийг эзэлдэг. Нуруу, үе мөч өвдөөд байвал сүрьеэ гэж сэжиглээд оношлуулахгүй л бол уг өвчин улам хүндэрнэ.

Миний мэдэхийн уушигны, ясны сүрьеэ гэж байдаг. Гэтэл бөөрнийх гэж байдаг байх нь. Өөр ямар төрлийн сүрьеэ байх уу?

Бөөр, шээс, бэлгэ эрхтний, нүдний сүрьеэ гэж байна. Ер нь сүрьеэгийн нян аль эрхтэнд очиж үрэвсэл үүсгэж  байна түүнийг л тухайн эрхтний сүрьеэ гэж оношилж байгаа юм.

1960, 1970-аад оны үед Зайсангийн  амны эх өөд бараг уулын оройд шахам газарт Ясны сүрьеэгийн эмнэлэг ажилладаг байсан. Одоо ясны сүрьеэгийн эмнэлэг бий юү?

Одоо байхгүй. Сүрьеэгийн эмнэлэг нь халдварт өвчин судлалын үндэсний төвд сүрьеэгийн клиник гэж байгаа. 200 ортой. Энэ клиник  ерөнхийдөө эмэнд мэдрэг болон эмэнд тэсвэртэй сүрьеэ, хүүхдийн сүрьеэ, мэс заслын сүрьеэ зэрэг үндэсний хэмжээнд тусламж үзүүлдэг. Аймаг, орон нутгийн түвшинд бол нэгдсэн эмнэлэг нь сүрьеэгийн тасагтай. Амбулаторийн тусламж үйлчилгээг тэнд үзүүлж байгаа.

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ямар боломж байдаг вэ. Ер нь манай улсын сүрьеэгийн эмнэлэг онош тавилтаараа дэлхийн түвшинд хүрсэн гэлээ. Энэ бол бахархалтай үзүүлэлт. Ингэхэд жирийн хүн сүрьеэгээс яаж урьдчилан сэргийлж эмнэлэгт хандах вэ?

Сүрьеэ өвчин амьсгалын замаар дамжиж  халдварладаг гэж түрүүн хэлсэн. Хэн ч өвдөж болох өвчин. Гол нь урьдчилан сэргийлэхэд гуван чухал зүйл бий. 1-рт анх төрж байгаа хүүхдүүдэд  24 цагийн дотор сүрьеэ өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэх. Энэ нь тухайн хүүхдийг сүрьеэгээр өвчлөхөөс бүрэн сэргийлж чадахгүй ч сүрьеэгийн хүнд хэлбэр болох менингитээр өвчлөхөд хүрвэл 80-аас дээш хувиар хамгаалдаг.  2-рт уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний гэр бүлд байгаа 0-5 насны  хүүхдүүдэд сүрьеэгийн халдвар байгаа үгүйг илрүүлэх онош тавьж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх.  Энэ талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөмж өгдөг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн жингээр тооцож зургаан сар уулгадаг урьдчилан сэргийлэх эмчилгээ юм. 3-рт аль болох сүрьеэ өвчтэй хүнийг эрт илрүүлж, эмчилгээг бүрэн төгс хийлгэж халдварын тархалтыг зогсоох. Эмчилгээгээ бүрэн дуусгалгүй замын дундаас тасалбал тэр хүн бусдад халдвар тараана. 14 ба түүнээс дээш хоногоор ханиалгах, ядрах, сульдах, хөлрөх зэргийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж оношлуулж, эмчилгээ хийлгэвэл эдгэрэх боломжтой гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй юм.

Энэ өвчин хөгжиж буй болон хөгжингүй орнуудад ямар байдаг юм бол. Энэ үзүүлэлтээр манай улс хаана нь  явдаг юм бол?

Мэдээж өндөр хөгжилтэй оронд сүрьеэ өвчлөл байдаг уу гэвэл бий. Энэ өвчин ямар насны хүмүүст илүү байна гэхээр өндөр настай болон өмнө нь сүрьеэгийн халдвар авсан хүний дархлаа суларсан учраас өвчилдөг байна. Манай орны хувьд Номхон далайн баруун бүсийн 37 орны 7-рт багтаж байгаа.

Б.БААТАРСҮРЭН

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.