Япон улс 36 сая ам.доллароор ЮНЕСКО-г санхүүжүүлнэ

2017-12-27 Ертөнц

Японы Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ирэх оны төсвийн төслөө хэлэлцэж баталсан билээ. Ингэхдээ боловсрол болоод батлан хамгаалахын салбарын төсвийг нэмэгдүүлсэн байна. Мөн ирэх онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-г санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ оны санхүүгийн жилд тус улсын Засгийн газар ЮНЕСКО-г санхүүжүүлээгүй юм. Учир нь 1937 онд Японы армийн Нанжинд үйлдсэн хядлагын тухай архивын баримтуудыг БНХАУ-ын санал болгосны дагуу ЮНЕСКО энэ сарын эхээр “Энхийн дурсгал” нэртэй дэлхийн баримтат өвийг хамгаалах хөтөлбөрийн жагсаалтдаа оруулсан юм.

Үүний дараа Японы Гадаад хэргийн яам Бээжингийн өргөн барьсан материалууд түүхийг гажуудуулж, нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлтүүдэд суурилсан гэж мэдэгдсэн билээ. Нанжинд амь үрэгдэгсдийн тооны талаар олон янзын үзэл бодол байдаг учраас зөвхөн Бээжингийн байр суурийг тусгасан баримт бичгүүдийг ЮНЕСКО-д оруулах нь учир дутагдалтай гэдгийг Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Суга өмнө нь мэдэгдэж байсан юм.

Харин Япон улс шийдвэрээ эргэн харж, ирэх оны төсөвтөө 4 орчим тэрбум иен буюу ойролцоогоор 36 сая америк долларыг ЮНЕСКО-г санхүүжүүлэхээр тусгажээ.

Япон улс ЮНЕСКО-гийн хоёр дахь томоохон санхүүжүүлэгч улсад тооцогддог. Тус улс ЮНЕСКО-гийн нийт төсвийн 10.8 хувийг дангаараа гаргадаг байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.