Сангийн сайд аа, улсын хөрөнгийг битгий инфляц болгоод байгаач ээ…

2017-10-27 Нийтлэл

Энэ Ч.Хүрэлбаатар нэг л биш ээ. Дуу нь бүдүүрээд, том том юм ярьдаг болж. Ер нь У.Хүрэлсүхийн танхимд энэ мэтийн хүмүүсийг хазаарлаж чадах тулхтай хүн дутмаг болоод ч тэр үү, дур зоргоороо дүүхэлзэх нэгэн захаас аваад бий болж.

Дээр нь энэ засагт өөрийн гэсэн бодлого, мөрдөх дүрэм гэж байна уу. Аливаа асуудлыг тухайн үед нь өөрсдөө гоё харагдахаар зохицуулах командтай ч юм уу. Ердөө долоо хоногийн өмнө “Багш, эмч нарын цалинг нэмэхгүй, эдийн засгаа нураахгүй” гэдэг ам тангараг өгч байсан Засгийн газар нэг удаагийн нөхөн олговор нэрийн дор төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараах шийдвэрийг өчигдөр парламентаар кноп даруулчихдаг юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн төрийн албаныхныг халамжлахын тулд 55 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа. Энэхүү ганц удаагийн гал унтраалт улс орны эдийн засагт ямар их хор хөнөөлтэйг бодолцож үзсэн л байлтай. Наанадаж л хавтгайрсан халамж руугаа явлаа. Уг нь зорилтот бүлгийн буюу багш, эмч нарын цалинг нэмэх нь зөв. Гэвч нүд хуурах мэхээр эдийн засгийг ингэж хавтгайруулснаас болоод дахиад бараа таваарын үнэ өснө. Засаг төр тогтворгүй байдалд орно. Мордохын хазгай болох вий дээ. Улс орны өр шир, хөрөнгө мөнгө шаардагдсан ажлууд байна шүү дээ, цаана чинь.

Тэгээд ч буурлын буян гэгчээр… Өмнөх танхимын зовж олсон хэдэн төгрөгийг энэ мэтийн аргацаасан зүйлд тавиад туучих нь харамсалтай биш гэж үү. Ж.Эрдэнэбатын танхимынхан сайн муугаараа хэлэгдэн байж Олон улсын валютын сантай дөрөө холбосон. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн хүрээнд он дуусахаас урьтаж 570 сая ам.доллар Монголд орж ирэх бол 2018 онд 1 тэрбум ам.доллар, 2019, 2020 онд 3 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт хийгдэнэ. Үндсэндээ У.Хүрэлсүхийн танхим өмнөх Засгийн газрын босгосон 7 тэрбум гаруй ам.доллар дээр хөлбөрч байна. Ёстой л “Шинэ баян чээж өвчтэй” гэж. Баялаг бус инфляц үйлдвэрлэх ажиллагаанд хамаг хөрөнгийг тавиад туух нь. Тэгээд ч багш, эмч нар “55 тэрбум төгрөг авахгүй” гээд байхад л урдаас нь гар сарвайгаад суух тэр дүр зураг нэг л хэвийн бус гэмээр.

Харин Ерөнхийлөгч энэхүү ирээдүй нь харласан ажиллагаанд өчигдөр орой хориг тавиадхав. Эл мэдээлэл гарсаны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа  “Гурван талт хэлэлцээрийн үр дүнд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өглөө гээд хориг тавьсан юм байх аа. Өмнөх Засгийн газар өргөн бариад өнөөдөр УИХ баталсан 2017 оны төсвийн тодотголд туссан асуудлаар надад хориг тавьсан аж. УИХ олонхоороо шийдсэн төсвийн асуудалд нэг хүнийг буруутгах ч гэж дээ. Чааваас даа…” хэмээсэн байна.

Үнэндээ хүний босгосон, бэлэн хөрөнгө дээр Ч.Хүрэлбаатар яасан том дуугарч байх юм. Худлаа гэвэл хэдхэн хоногийн өмнө Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдсэн бол уржигдархан олон улсын зах зээлд 800 сая ам.долларын бонд босгов. Энэ бүхэн өмнөх танхимын л буян шүү дээ. Тэд өнөөдөр эдийн засагт олон улсын кордорыг нээгээгүй бол өнөөгийн танхимд май гээд өгөх нь бүү хэл тоох хар нохой ч ховор байх байлаа. Жил гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын танхим ажлаа эхлүүлж байхад өнөөдрийнх шиг төсвийн орлого нь 1 их наяд төгрөгөөр давах биш төлөвлөсөндөө хүрэхгүй, алдагдлаа юугаар нөхөж,  төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр, хүүхдийн 20 мянган төгрөгийг цаг хугацаанд нь багтаан олгох вэ гэдэг асуудалтай тулж байсан. Хугацаа нь тулсан гадаад бондын төлбөрийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлж, Монголоо аврах вэ гэдэг хоолойд нь тээглэсэн “яс” байлаа. Валютын ханш 2700 төгрөгтэй тэнцэхэд төв банк 1 тэрбум ам.долларын нөөцөөрөө интервенц хийгээд гөвөх ёстой юу, бодлогын хүүгээ чангаруулаад зүтгэх ёстой юу гэдэг сонголттой тулсан. Сорилт бүхнийг зөв бодлогоор давж гарсны үр дүн нь өнөөдөр У.Хүрэлсүхийн танхимд 7 тэрбум гаруй ам.доллар өвлөгдөн ирж байна.

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар баян айлын эрх гөлөг шиг шарвагнаж, нэр хүнд олохын тулд улсын хөрөнгөнд цэвдэг сэтгэлээр хандах болов. Цаашлаад, энэ танхимд шилээ даран орж ирэх тэр их валютыг бүтээн байгуулалт болгох төсөл байна уу. Ганцхан жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг “сэхээнд” хэрхэн байсныг эргээд бодох хэрэгтэй байна, Сангийн сайд аа. Битгий ингэж хоноцын сэтгэлээр шийдвэр гаргаж, үлдээсэн өвийг инфляц болгоод байгаач ээ…

О.МӨРӨН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.