Т-БАТААРЫН СУРГАМЖ

2017-11-15 Түүхийн жим

Хэдхэн жилийн өмнө батаарыг АНУ-аас эргүүлэн залж дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж байлаа, бид. Монгол Улс соёлын өвөө хайрладаг Ерөнхийлөгчтэй гэж даян дэлхийгээр нэг шуугиж билээ. Зарим охор бодолтон хариуцсан сайдыг нь ясаар пиардлаа гэж шүүмжилсэн ч яах аргагүй гавьяа билээ. Харин хамгийн түрүүнд бид америкчуудад баярлах ёстойгоо мартаж болохгүй.

АНУ-ын Засгийн газар палеонтологийн олдворын хар зах зээлтэй тууштай тэмцсэнээсээ хойш манайд нэг шинэ музей байгуулах үзмэрүүд бэлэглэв. Мөн хоёр ч иргэнээ холбооны шүүхээрээ яллав. Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж хүртэл шүүхийн шийтгэх тогтоол сонсох шахав. Худалдаж авсан батаарын хохимой толгойгоо монголчуудад буцаан өгнө гэж амлан алдарт жүжигчин маань хэргээс мултрав бололтой. Гэтэл дахин нэг нөхрөөс 2013 онд хохимой толгойг нь хураан авсан нь ил боллоо. Техасийн эмч Жеймс Годвин эцсээ хүртэл тэмцэн олдвороо эргүүлж авна хэмээн саяхан мэдэгдлээ. Тэр өөрийгөө шударга эзэмшигч гэжээ. Шударга эзэмшигч буюу гэмгүй худалдан авагч болбол нөхөн төлбөр авна. Ял шийтгэлгүй өнгөрнө. Магадгүй олдворыг эзэмшилдээ үлдээх хуулийн зохицуулалт Америкт байдаг байх. Хэрэв тэр шударга эзэмшигч бол хэн түүнд нөхөн төлбөр төлөх вэ? Манай хоёр улсын элсэн орсон Соёлын үнэт зүйлийн хууль бус экспорт, импорт, өмчлөх эрхийн шилжилтийг урьдчилан сэргийлэх болон хориглох арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн 1970 оны Конвенцидзааснаар бол өвөө эргүүлэн авах хүсэлт гаргасан улс нь төлнө. Азаар, батаарын хэргүүдийг дээрх конвенцийн дагуу шийдээгүй. Манай улс ч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

Булган сүүлтэй батаар бусад нөхдүүдээ Япон, Солонгос, Англи, Францаас ч “чирээд ирэх” чадалтай тул нөхөн төлбөр болон буцаах зардлыг улсын төсвөөс бус өөр эх үүсвэрүүдээс гаргуулах боломжийг нээсэн ЮНИДРУА-гийн Конвенцийг даруй судлах шаардлагатай байна.

Америкийн прокурорууд “палеонтологийн олдворын ганц хүний хар зах” Эрик Прокопиг хулгайлсан эд зүйл тус улсад оруулж ирсэн, нууцаар импортолсон, хуурамч мэдүүлэг өгсөн гэх зэрэг үндэслэлээр өөр хуулиудынхаа дагуу буруутгасан. Тэр бас өөрийгөөЖеймс Годвин шиг шударга эзэмшигч гэсэн: Би монголын хуулийн англи орчуулгыг хайгаад олоогүй тул хууль зөрчснөө мэдээгүй гэж анх заргалдсан юм.
Үнэн үг хэлсэн л дээ. Олон нийтэд хүртээлтэй англи орчуулга байхгүй байсан. Одоо ч байхгүй. 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн орчуулгыг ЮНЕСКО-гийн мэдээллийн санд хожим тавьсан ч албажуулаагүй. 2016 оны өөрчлөлтүүдийг ч шинэчлэн оруулаагүй. Энэ бол манай улс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүйн нэг жишээ.

276 мянган долларын үнэтэй батаарын хохимой толгой худалдсан галлерейгаас гэрчилгээ авч наймаагаа баталгаажуулжснаас гадна америкийн эрх бүхий байгууллагатай 2014 онд өөрөө анх холбогдсон Николас Кэйж, мөн өөрийгөө гэмгүй худалдан авагч гэсэн. Батаарын хохимой толгойг хууль бусаар АНУ-д оруулж ирснийг мэдээгүй гээд Засгийн газартаа сайн дураараа хураалган шударга эзэмшигч болох эрхээ Николас Кэйж хадгалсан бололтой. Харин нөхөн төлбөрийг хэрхэн шийдсэн мэдээлэл алга.

Нөхөн төлбөрийг хэлэлцээгүй биш хэлэлцсэн нь ойлгомжтой. Таамаглахад, Хулгайлсан эсвэл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-гийн 1995 оны Конвенцийн боловсруулсан зохицуулалтуудыг ашигласан болов уу. Яагаад гэвэл тус конвенцийн эргүүлэн олгох механизмын дагуу манай палеонтологийн олдворуудтай холбоотой хэргүүдийг шийдсэн билээ. ЮНИДРУА-гийн Конвенцийн тогтоосон эргүүлэн олгох механизмыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснийг, мөн гишүүн биш улс хэрхэн хууль тогтоомждоо нийцүүлэн хэрэгжүүлж болохыг Нью-Иоркийн шүүх харуулж чадсан юм.

Манайх шиг өвөө эргүүлэн авах хандлага давамгайлсан улсад зориулсан ЮНИДРУА-гийн Конвенцид АНУ баян зах зээлдээ найдан элсэн ороогүй ч конвенцийг боловсруулж, батлахад идэвхтэй оролцож дэмжсэн бөгөөд өдгөө хэрэгжилтийг нь анхааралтай ажигладаг. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны хүсэлтээр 2013 онд АНУ өөрийн иргэнийхээ эсрэг иргэний хэрэг үүсгэн, шүүхэд нэхэмжлэл санаачлан гаргасан.

“АНУ, Эрик Прокопигийн эсрэг хэрэг” мөн, “АНУ, Нэг Тираннозавр батаарын араг ясны эсрэг хэрэг”-ийг Нью-Иоркийн шүүх америкийн хуулийн дагуу олон улсад баримталдаг ЮНИДРУА-гийн Конвенцийн тогтоосон хэм хэмжээний дагуу шийдснийг доорх жишээнүүдээр баталж болно.

Үүнд батаарын араг ясыг хулгайлсан гэж үзсэн нь хулгайлсан соёлын эд зүйлийг тодорхойлсон ЮНИДРУА-гийн Конвенцийн тодорхойлолттой нийцдэг. Хууль бусаар малтсан соёлын өвийг тус конвенцид хулгайлсан гэж үзээд өчиггүй эргүүлэн олгох ёстой гэж заасан. Манай улс газрын хэвлий дэх соёлын өвийг төрийн өмч болгон хуульчилсны дагуу холбогдох байгууллагууд маш шуурхай ажиллаж, шаардлагатай мэдээ мэдээллээр америкийн талыг хангасан билээ.

Мөн, 1970 онд баталсан ЮНЕСКО-гийн Конвенцид зөвхөн бүртгэн тоолсон соёлын өвийг дипломат шугамаар эргүүлэн олгох боломж байдаг. Гэтэл батаарын хэргүүдийг иргэний шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд илрүүлээгүй байсан буюу бүртгэн тоолоогүй олдворыг эргүүлэн олгосон юм.

Үүнээс гадна, хэрэгт холбогдсон бүх этгээд шударга эзэмшигч болохоо нэн түрүүнд мэдэгдэж, зохих ёсны магадлан хяналт хийснээ батлах гэж оролдсон нь ЮНИДРУА-гийн Конвенцийн боловсруулсан шударга эзэмшигчийг тогтоох шалгуур америкийн шүүхэд бүрэн утгаараа хэрэгждэг болсны тод жишээ. ЮНЕСКО-гийн Конвенцид хүсэлт гаргасан улс нь шударга эзэмшигчид нөхөн төлбөр төлөх ёстойг заасан боловч хэрхэн бодитоор хэрэгжүүлэхийг нарийвчлан заагаагүй орхисныг ЮНИДРУА-гийн Конвенцид улам боловсруулж, худалдаж авах үедээ зохих ёсоор магадлан хянасан эзэмшигч л нөхөн төлбөр авах эрхийг үүсгэсэн. Тиймээс ч Эрик Прокопи монголын холбогдох хуулийг хайгаад олоогүй гэсэн бол түүний өмгөөлөгч нь Монгол болон Америкийн Засгийн газар монголын хуулийг англи хэлээр орчуулж, америкийн цуглуулагчдад хүртээмжтэй болгоогүй бөгөөд монголын хууль хоёрдмол утгатай, хүчин төгөлдөр үйлчлэхээ больсон [1924 онд баталсан хуулийг хэлсэн бололтой] тул батаарын араг ясыг хулгайлаагүй гэж маргасан байна. Гэвч батаарын араг ясыг хулгайлсан гэж Нью-Иоркийн шүүх үзсэн билээ. Мөн уг хэргүүдийг дүгнэсэн америкийн нэгэн хуульч, аливаа соёлын өвийг худалдаж авахдаа зохих ёсны магадлан хяналт хийх маш чухал болсныг батаарын хэргүүд харууллаа хэмээн америкийн цуглуулагчдад анхааруулжээ.

Зохих ёсны магадлан хяналт гэж юу вэ?

Соёлын өвийг худалдаж авахдаа гарал үүслийг нь нягтлан шалгасан эсэхийг худалдаж авсан нөхцөл байдал, төлсөн үнэ, олж мэдэх ёстой байсан холбогдох мэдээлэл болон баримттай танилцаж, хандах боломжтой байгууллагуудаас лавласан зэрэг аливаа хариуцлагатай этгээд хэрэгжүүлэх байсан арга хэмжээг авсан эсэхээс шалтгаалан зохих ёсоор магадлан хянасныг тогтооно.

Хэдийгээр хууль бусаар малтсан олдворыг бүртгэх боломжгүй боловч шинж чанар, гарал үүслийг нь нягтлан шалгах чухал. Соёлын өв нь хууль бус малтлагын золиос болсныг дэлхий даяар мэддэг улсаас гаралтай олдвор байвал зүй ёсоор сэжиглэх ёстой. Тухайлбал, Т-батаарын хэргээс хойш Монголд хууль бус малтлага гамшиг болсныг дэлхий нийт мэддэг болсон тул Монголоос гаралтай палеонтологийн олдворыг худалдаж авч байгаа хүн гарал үүслийг нь улам няхуур магадлан хянах ёстой. Эс тэгвээс худалдан авсан соёлын өвөө хураалгаад, нөхөн төлбөргүй хоцорно. Мөн зохих ёсоор магадлан хянасныг батлахад худалдан авагчийн статус (эртний эдлэл худалдаалагч эсвэл туршлагагүй хувийн цуглуулагч уу), хаанаас худалдан авсан (эртний эдлэлийн дэлгүүр, нууц газар, урлагийн бүтээлийн худалдааны төв эсхүл хар зах) зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан үздэг. Иймээс ч Николас Кэйж, худалдан авсан галлерейгаасаа гэрчилгээ авсан гэж мэдээлсэн нь түүнийг шударга эзэмшигч болохыг нотлох нэг баталгаа болно. Харин түүнд төлөх магадлалтай нөхөн төлбөрийг нэхэмжлэл гаргасан АНУ биш галлерей төлөх зохицуулалт америкийн хуульд байж болох юм. Ийм зохицуулалт ЮНИДРУА-гийн Конвенцид мөн байдаг.

Эдгээр болон бусад жишээнээс харахад олон улсад соёлын өвийг эргүүлэн олгох механизмыг тогтоосон ЮНИДРУА-гийн Конвенцийн хэм хэмжээ, зарчим Т-батаар болон түүний нөхдийг төрлөх нутагт нь эргүүлэн авчрахад хувь нэмэр оруулжээ. Ойрын ирээдүйд Америкт“харалсан монголын үлэг гүрвэлүүд” бидний чихнээс хонх уясаар байх бололтой. Зөвхөн Америк гэлтгүй, бусад улс орнуудаас соёлын өвөө эргүүлэн авах ажил мундахгүй их гарах янзтай. Булган сүүлтэй батаар бусад нөхдүүдээ Япон, Солонгос, Англи, Францаас ч “чирээд ирэх” чадалтай тул нөхөн төлбөр болон буцаах зардлыг улсын төсвөөс бус өөр эх үүсвэрүүдээс гаргуулах боломжийг нээсэн ЮНИДРУА-гийн Конвенцийг даруй судлах шаардлагатай байна. Байсхийгээд л манайхаас хулгайлсан соёлын өв дэлхийн бөмбөрцөгийн энд тэнд ил гарч ирэхэд бид буцааж авах зардалгүй гээд гараа хумхиад сууж болмооргүй байна, цаашдаа…

Б.СҮРЭН

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.