Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг энэ оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-нд тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд, хөх гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.
Тус эмнэлэг 2013 оноос эхлэн БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж, чадавхийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд халдварт эндокардитаар хүндэрсэн гол судасны хавхлагын төрөлхийн хоёр хавтастай, хүнд зэргийн нарийсал, дутагдалтай хүүхэд болон гол судасны уруудах хэсгийн хүнд зэргийн нарийсал, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушгины артерийн хавхлагын гажиг зэрэг оноштой гурван сартайгаас 17 хүртэлх насны найман хүүхдэд өндөр түвшний ур чадвар шаардсан мэс засал эмчилгээг хийсэн байна.
Энэ удаа гол судасны цагирагийг хиймэл судсаар өргөсгөж, халдварт өртсөн гол судасны хавхлагыг механик хавхлагаар солих Бо-Яанг мэс заслын тохиолдлыг Монголд анх удаа хийсэн. Мөн өмнө нь хамтарсан багаар хэд хэдэн удаа хийсэн гол судасны коарктацийн мэс заслын үед цусны хагас зохиомол эргэлтийн арга технологийг үндэсний багаар бие даан хийлгэж, ялангуяа эдгээр мэс заслын арга техникүүдийг хойшид эх орондоо бүрэн нэвтрүүлэх боломжоор хангаж өгсөн зэрэг ихээхэн үр дүнтэй хамтын ажиллагаа боллоо. Мэс засал эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч эхнээсээ эмнэлгээс гарч байна.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.