Антибиотик гэдэг нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэлийг хэлнэ. Харин вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. /Антибиотикийг эмийн сангаас зөвхөн эмчийн бичсэн жороор авч хэрэглэх ёстой/
Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол:
Эмч таны нас хүйс, биеийн жин, өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө.
Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө.
Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин эдгэрэх болно.
Антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл:
Өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, өвчинг оношлоход төвөгтэй болгодог.
Өвчин архагшина.
Биеийн дархлалыг сулруулна.
Хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр үүсэх нөхцөл бүрдүүлдэг.
Антибиотик эмчилгээг дутуу хэрэглээд орхивол өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
Антибиотикийн дасал гэж юу вэ?
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.
Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:
Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирсон антибиотикийг хэрэглэх
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэх
Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх
Антибиотикийг зөв хэрэглэхэд анхаарах зүйл:
Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх
Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.
Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй.
Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэх
Антибиотикийг ялангуяа хүүхэд жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй.
Халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч та эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглэх
Антибиотик хэрэглэхэд арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэгэн шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ мэдэгдэнэ.
Мөн дахин хэзээ ч энэ антибиотикийг хэрэглэж болохгүй.
Ер нь эмийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт хайрцаг дээр заасан нөхцөлд хадгалаарай.
Хугацаа дууссан бол бүү хэрэглэ.
Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жишээ нь: гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог.
Антибиотик эм хэрэглэхэд дараах гаж нөлөө илэрч болно:
– тууралт гарах
– толгой өвдөх
– дотор муухайрах
– мөөгөнцөрийн халдвар
– гэдэс өвдөх гэх мэт.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.