ЭМЯ: Нэмэлт тун хийлгэсэн хүмүүс омикрон хувилбараас 90 хувь хамгаалагдана

2021-12-3 Мэдээ мэдээлэл

Эүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх Баасан гаригийн ээлжит мэдээллээ хийж байна. 


ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

-Улс орнууд шинэ хувилбарын эсрэг хариу арга хэмжээг харилцан адилгүй авч байна. Монгол Улсын тухайд нэмэлт тунг идэвхжүүлэх, хил дээр шинжилгээ хийх арга хэмжээг авч буй. Сүүлийн хоёр хоногт өдөртөө 15 мянгаас дээш хүн вакцинд хамрагдлаа. Израиль, Англи зэрэг улсууд нэмэлт тундаа хамрагдвал шинэ хувилбараас хамгаалагдах бүрэн боломж гэж үзэж байна. Шинэ хувилбартай холбоотой улс орнууд хязгаарлалт, хориглолт хийж байна. Тиймээс манай иргэд гадаад руу зорчихоо хязгаарлаарай гэж зөвлөж байна. Омикрон хувилбарын улмаас зарим орнууд гадаадаас ирж буй хүмүүсийг 10 хоног тусгаарлаж байгаа. Хуучны дүр зураг руу орох эрсдэлтэй байна. Та бүхэн гадаадад очоод гацах эрсдэл мөн бий. ДЭМБ-аас вакцингүй болон ахмад настай хүмүүсийг гадаад руу явахгүй байхыг зөвлөж байна. Шинэ жилтэй холбоотойгоор гадагшаа явахаар төлөвлөж байгаа бол эрсдлээ тооцоорой гэж та бүхнээс хүсч байна.

Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр:

-ӨАБНУ-ын найман мужид омикрон хувилбар 11 дүгээр сарын 26-нд бүртгэгдсэн. Одоогоор ДЭМБаас “анхаарал татах” ангилалд оруулж, судалгаа хийж байна. Дэлхийн бусад улс орнууд ч шинэ хувилбарын шинж тэмдгийг судалж байгаа. Шинэ мутацитай холбоотойгоор Өмнөд Африкт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдсэн. Мөн тухайн улсад вакцинжуулалт хангалтгүй байгаа нь тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна. Судлаачид дельта хувилбараар өвдсөн хүмүүс омикрон хувилбараар өвчлөх магадлалтайг онцолсон байна. Омикроны халдвараас сэргийлэх чиглэлийн судалгааны үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал, Оксфордын их сургуулийн судалгааны баг вакцины гуравдугаар тун шинэ мутацийн эсрэг үр дүнтэй байгааг нотолсон байна. Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс омикрон хувилбараас 90 хувь хамгаалагдаж байгааг Израил улсын Эрүүл мэндийн яамнаас зарласан байна.  

Манай улсын хувьд тохиолдлын тоо өнгөрсөн сарынхаас 70 орчим хувь буурсан. Одоогоор нийт хүн амын 22 хувь нь, зорилтот бүлгийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна. Гэрээр хянагдаж буй иргэд болон эмнэлэгт хэвтэгсдийн тоо ч мөн эрс буурлаа. Вакцин хийлгээгүй 12-оос доош насны хүүхдүүдийг болон ахмадуудыг гадагш авч явахгүй байхыг зөвлөж байна” гэлээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.