Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Зүүн европын улс орнуудад халдварын дөрөв дэх давалгаа эхэлж өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал Герман улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 50 мянгад хүрч, нас баралт 250-д хүрчээ. Тус улсын ЭМЯ-наас энэ давлагааны улмаас 100 мянга орчим хүн амь насаа алдах эрсдэл байна гэж мэдээлжээ. ОХУ-д 7 хоногийн хөл хорио тогтоосон боловч халдварын тохиолдын тоо буурахгүй байна. Өвчлөл нэмэгдэж буй улсуудад вакцины хамралт сул байгаа нийтлэг тал ажиглагдаж байна. Энэ нь өвчлөл, нас баралт нэмэгдэх шалтгаан болжээ. Эсрэгээрээ вакцины бүүстэр тунд хүн амынхаа 20 орчим хувийг хамруулаад буй Их британи улсад тохиолдлын тоо 12 хувиар, нас баралт 5 хувиар, эмнэлэгт хэвтэлт 12 хувиар буурсан.
Харин манай улсын хувьд, сүүлийн өдрүүдэд 1000-аас доош халдварын тохиолдол батлагдаж байна. Тиймээс энэ хэвээр дахин 13 хоног халдварын тархалтыг барьж чадвал Covid-19 цар тахлын тохиолдлын тоо хоёр дахин буурч, 500 руу орох боломжтой. Хамгийн гол нь иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэх нь чухал. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн Covid-19-ийн эсрэг вакцины талаар дараах тайлбарыг хийв.
Нйслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний өдрийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд 54, хоёр дахь тунд 178, гурав дахь тунд 3866, нийт 4098 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамрагдалт 74.7 хувь, хоёр дахь тунгийн хамрагдалт 71.1 хувьтай байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67672 (76.1 хувь), 16-17 насны 26697 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Орон нутгийн хувьд зарим аймаг нэмэлт тунд маш идэвхгүй хамрагдаж байгааг онцлов. Мөн улс орнууд хилээ нээж байгаа учир хэрэв гурав дахь тунг хийлгэсний дараа гадагшаа зорчих бол тухайн улсын тавьж байгаа шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд холбогдох байгууллагуудад хандаж, шаардаж байгаа вакциных нь бүрэн тунг хийлгэх боломж байгаа эсэхийг яамнаас судалж буй юм байна.
Дашрамд дуулгахад, Covid-19-ийн өндөр тархалттай байх үед ихэнх эмнэлэг иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Үндэсний томоохон эмнэлгүүд бүгд Covid-19-ийн тусламж, үйлчилгээ үзүүлж, ор дэлгэсэн бол арваннэгдүгээр сарын 15-наас томоохон эмнэлгүүд үндсэн тусламж үйлчилгээ дээрээ түлхүү төвлөрөх болно гэж онцоллоо.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.