ЭМИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ИРЭХ 7 ХОНОГООС ОЛГОНО

2023-04-4 Мэдээ мэдээлэл
Даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд ЭМДЕГ-ын удирдлагууд мягмар гариг бүр шуурхай хурлыг зохион байгуулж өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэдэг.
Энэ удаагийн шуурхай хурлыг өргөтгөсөн байдлаар хийж, 2023 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, үүрэг даалгаварын биелэлттэй танилцаж, алдаа, оноог хэлэлцэхээс гадна цаашид хийх ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
Өнөөдрийн хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, төв болон орон нутгийн 150 гаруй албан хаагчид цахимаар оролцож, бодлогын хүрээнд зохион байгуулах, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, газар хэлтсүүдэд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Мөн хурлаар гэрээт эмийн сангуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг ирэх долоо хоногт олгохоор ажиллаж байгаа бөгөөд анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын түүврийн нэхэмжлэлийг цахимаар авах талаар мэдээлэл хүргэлээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сүүлийн гурван жил даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч, төрийн болон хувийн хэвшлийн 2400 гаруй ЭМБ-уудтай хамтран ажиллаж, иргэдийг ЭМД-аараа нэн шаардлагатай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүй хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.