Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гурван оюутанд covid-19 халдвар илэрчээ

2020-06-26 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинаа 9,678,000 хүн өвчилж, 488,000 хүн энэ өвчний улмаас эндсэн мэдээтэй. Мөн 8.2 сая хүн эдгэрч, 3 сая гаруй хүн эмчилгээ хийлгэж байна гэв. Ийнхүү сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд халдвар эрс нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ болон Бразил, Энэтхэг улс өвчлөлийн тоогоор тэргүүлсээр байгаа бөгөөд ирэх долоо хоногт АНУ-д өвчлөлийн оргил үе тохионо гэх тооцоолол гаргасныг зарим судлаачид мэдээлж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,113 хүн шинээр өвчилж, 92 хүн нас барлаа. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад яаралтай тусламжийн үйл ажиллагаа нэлээд доголдсон мэдээтэй.

Манай улсын хувьд өчигдөр 126 хүн шинээр ажиглалтад орж, 17 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоо ажиглалтад 2,566 хүн байгаа. Халдвар авсан өвчтөнүүдэд 188 сувилагч, 12 асрагч ээлжээр эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаа. Үүнээс 52 хүн нь архаг хууч өвчтэй, 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байна.

Сүүлийн 24 цагт шуурхай 119 дугаарын утсанд 164 дуудлага ирлээ. Мөн шуурхай аппликейшнд ОХУ, Турк, Япон, АНУ-аас иргэд холбогдож мэдээлэл авсан” гэдгийг тодруулав.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид өчигдөр 171 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр 168-д вирус ирээгүй. Харин гурван хүнээс вирус илэрлээ. Энэ нь зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг эмэгтэй, хоёр эрэгтэй оюутан.

ХӨСҮТ-өөс өнөөдөр 19 настай оюутан эдгэж дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт тохиолдол 219 болж, 170 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 49 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 42 хөнгөн, долоо нь хүндэвтэр байна” гэлээ.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн “Одоогоор Covid-19-т халдварын талаарх 36237 эрдэм шинжилгээний ажил хийгдсэн. Үүний 141 нь вакцины судалгаа. Вакцин гарахаас нааш халдварын гурав, дөрөв дэх дэгдэлт гарах тул иргэд хөл хорионд байх нь зүйтэй гэж эрдэмтэд зөвлөж байна. Covid-19-т халдвараар өвчилсний дараа чихрийн шижинтэй болох эрсдэл өндөр гэж үзэж байгаа.

БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүндээр өвдсөн өвчтөнүүд мэдэрлийн гаралтай өвчнөөр өвчлөх нь их байна. Covid-19 нь цельсийн дөрвөн хэмд хамгийн тэсвэртэй байдаг бөгөөд температур ихсэх тусам тэсвэргүй гэж үзэж байна. Мөн вирус завжинд хадгалагдах эрсдэлтэй тул амны хаалт зүүхээс гадна амаа давс, соданы уусмалаар зайлахыг зөвлөж байгаа” гэв.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.26-НИЙ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.26-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, June 25, 2020

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.