Академич  П.Нямдаваагийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо 

2017-09-8 Мэдээ мэдээлэл

Вирүс судлалын тулгамдсан асуудлаар 2 жил тутамд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж эхэлснээс хойш 16 дахь удаагийн хурал 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр Кемпинский зочид буудалд боллоо. Вирүс судлалын тулгамдсан асуудлын чиглэлээр манай улсад болон дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудлаар эрдэмтэн, судлаачид дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, мэдлэг туршлагаа хуваалцдаг уламжлалтай.

ЭМЯ, Монголын Анагаах Ухааны Академи, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон мэргэжлийн бусад холбоодуудтай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний Үндэсний бага хурлыг Монгол Улсын хүний гавьяат эмч, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Анагаах Ухааны доктор, профессор П.Нямдаваагийн 70 насны ойд зориулж байгаагаар онцлог юм.

Академич П.Нямдаваа бол Монгол Улсад вирүс судлалын албын үндсийг тавьж, сургалтын тогтолцоог бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Түүний нөр их хөдөлмөрийн үр дүнд мэргэжлийн олон судлаачтай, эрдэмтэдтэй болж, вирүсийн шинэ шинэ халдварт өвчнийг Монгол Улсад гарах, тархахаас амжилттай сэргийлж чадах туршлагатай болоод байна.
Академич П.Нямдаваа бол Монголд төдийгүй дэлхийд данстай нэрт вирүс судлаач бөгөөд энэ чиглэлээр дэлхий дахинд Монгол Улсыг төлөөлөх бахархан дуурайх эрдэмтэн юм.

Академич П.Нямдаваа бол зөвхөн эрдэмтэн, багш төдийгүй Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар хэд хэдэн сонгогдож, томилогдон ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбарын бодлого чиглэлийг тодорхойх эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Академич П.Нямдаваа нь Шинжлэх Ухааны Академийн Анагаах ухааны Бага чуулганы даргаар ажиллаж байгаад Бага чуулганы гишүүдийн хамт Монголын Анагаах Ухааны Академиыг үүсгэн байгуулж, Ерөнхийлөгчөөр нь 8 жил ажиллаж байжээ. Энэ хугацаанд , монголын анагаах ухааны сор болсон эрдэмтэн мэргэдийг эгнээндээ нэгтгэж, Монголын Анагаах Ухааны Академийн үйл ажиллагааг төлөвшүүлж, тогтворжуулах, гадаад, дотоод харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Академич П.Нямдаваа бол Монголын үе үеийн эрдэм оюун төгөлдөр олон зуун мэргэдийг эрдэм ухааны зүгт оройлон тэргүүлсэн номын их багштан билээ хэмээн “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний Үндэсний бага хуралд оролцогчид онцлон тэмдэглэж гүн хүндэтгэлээ илэрхийллээ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.