Хууль төрөхийн өмнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Э.Батшугар гишүүний өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн үеэр гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Улмаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн төслүүдийнх нь хамт эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Тус хуулийн төслийн гол агуулга нь зээлийн зэрэглэл тогтоосноос зээлийн хүү бууруулах бодит нөхцөл байдал бүрдэх тухай юм.
Энэ талаар УИХ-ын Э.Батшугар “Дэлхийн 28 орны туршлагыг судалж үзсэн. Тухайлбал, 2004-2019 оны хооронд зээлийн зэрэглэлээ тогтоосон улс орнуудаас харахад зээлийн хүү нь 3,2- 3,4 хувиар буурсан жишээ байна. Мөн Вьетнам улсын зээлийн хүү манайх шиг 18 хувьтай байснаа 12,14 хувь рүү буурсан байна. Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлаад 100 хувь гэж харахад 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардалд орж байна. Иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна. Зээл судлах үйл ажиллагааг эрхэлдэг олон ажилтан байдаг. Онооны системд шилжихэд зээлийг судлах гэж олон өдөр хоног болох шаардлагагүй, тэр хэрээр зардал буурна. Энэ мэтчлэн банкны үйл ажиллагааны зардлууд буурч, зээлийн хүүг бууруулах боломжтой” гэв.
Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхийг үнэлэх зорилгоор ашиглана гэж заажээ. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өсөөд явна төлөхгүй бол буурна, эргээд төлөхөд дахин өсөх динамик горимд шилжихийг зорьж байна. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь буурна хэмээн хууль санаачлагч үзжээ.
Энэхүү хууль батлагдснаар хэд хэдэн эерэг өөрчлөлт гарах юм. Тухайлбал, өдрийн зээлийн дээд хязгаарыг тогтоосон заалтыг оруулсан байна. Мөн зээлдэгчийн “хар жагсаалт” гэх нэршил байхгүй болно. Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно. Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөх юм.
Дашрамд дуулгахад, зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна.
16 цагийн өмнө
2025-04-30
2025-04-30
2025-04-29
2025-04-29
87713
31670
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.