Сэрэмжлүүлэг: Зарим хүнд өвчний шинж тэмдэг огт илрэхгүй байж болно

2024-02-4 Мэдээ мэдээлэл

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) гэж юу вэ?

Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүдийг БЗДХ гэнэ. Үүнд, заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, хламид, ДОХ зэрэг 20 гаруй БЗДХ байдаг.

БЗДХ-ын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Бэлгийн замаар дамжих халдвар авсан үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.

Үүнд:
• Шодой болон үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
• Шодой, үтрээ эсвэл шулуун гэдэсний орчим яр, шарх, цэврүү гарах
• Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөх
• Хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх
• Бэлэг эрхтний орчмоор загатнах

БЗДХ тархах замууд:

• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор
• Халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн хэрэглэснээр
• Халдвартай эхээс урагт
• Халдварлагдсан зүү тариур, сахлын хутга зэргийг хэрэглэх

Бэлгийн замаар дамжих халдвар авсан бол яах вэ?

Та өөрийгөө халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал өвчний шинж тэмдэг илрээгүй ч байсан цаг алдалгүй эмчид хандаарай. Хамгийн гол нь мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй.

БЗДХ бүрэн эмчлэгддэг үү?

ХДХВ/ДОХ-оос бусад БЗДХ төгс эмчлэгдэх боломжтой. Эмчийн өгсөн эмийг өвчний шинж тэмдэг арилсан ч гүйцэд ууж дуусгаарай. Харин эмчилгээг дутуу орхивол дараах хүндрэлүүд гарч болно.

Үүнд:
• Бага аарцагны эрхтний үрэвсэлт өвчин даамжрах
• Үргүйдэл үүсэх
• Умайн гадуур жирэмслэх
• Шээсний сүв нарийсах
• Төрөх хүүхэд зулбах, амьгүй төрөх

Та бэлгийн хавьтагчтайгаа ярилцаж эмчилгээг хамт хийлгэх шаардлагатай

БЗДХ-өөс сэргийлж болох уу?

БОЛНО. Аюулгүй бэлгийн хавьтал нь ТАНЫГ энэ өвчний халдвар авахаас хамгаална.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.