Сэрэмжлүүлэг: ГАЛЗУУ гэж ямар өвчин бэ?

2023-12-22 Мэдээ мэдээлэл

 

Галзуу өвчин нь мал амьтнаас хүнд халддаг, вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг Зоонозын хурц халдварт өвчин юм. Энэхүү халдварт өвчин нь дэлхий дахинаа тархсан. 

Халдвар ямар замаар дамждаг вэ?

Галзуурсан амьтны шүлстэй хамт өвчний вирус хазсан буюу маажсан газраар орж халдварлуулна. Маш ховор тохиолдолд арьсанд үүссэн шарх, салст мембранаар нэвтрэх замаар халдварладаг. Хүнээс хүнд халдварлах нь онолын хувьд боломжтой боловч баримтжуулаагүй. Галзуурсан амьтны вирус агуулсан шүлс, хазсан буюу маажсан газраар нэвтэрч халдварлана.

Галзуугаар ямар амьтад өвчилдөг вэ?

Галзуу өвчнөөр бүх бод мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай зэрэг зэрлэг хөхтөн амьтад өвчилдөг. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан хугацаагаар хадгалагддаг. Үнэг, цөөвөр чоно, сарьсан багваахай, гэрийн муур зэрэг амьтад илүү их мэдрэг.

Галзуугаар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөний төвийн сэрэлт ихсэж, амьсгалын ба залгих булчингуудын таталт, саажилт үүсч, богино хугацаанд өвчтөн нас бардаг. Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ. Шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Өвчний эмнэлзүй өвчний урьдал үе, хөөрлийн үе саажилтын үе гэсэн 3 үе шатаар илэрнэ.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Эмгэг судлалын шинжилгээнд уртавтар тархи, бага тархи, аммоны эвэр, нугасны дээд хэсэг, шүлсний булчирхай, бөөрний дээд булчирхайн зэрэг эрхтэнээс 3*3 см хэмжээтэй сорьц авч, 50 хувийн ариун глицериний уусмалд хийж, сорьцтой шилэн савыг мөс бүхий саванд хийж хөдөлгөөнгүй байрлуулан лацдаж битүүмжлэн 48 цагийн дотор холбогдох газар хүргүүлнэ.

Галзуу өвчнөөр ямар хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ?

Зэрлэг мал, амьтантай харьцдаг хүмүүс халдвар авах нь илүү байдаг. Монгол улсын хувьд галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлуудын 50 хувь нь малчид байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.