Глобаль сангаас ДОХ болон сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд үргэлжлүүлэн 15 сая ам.долларын дэмжлэг олгоно

2023-12-16 Мэдээ мэдээлэл

 

Дэлхийн 100 гаруй улс орон Глобаль сангаас санхүүгийн дэмжлэг авч ДОХ болон сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэж буй бөгөөд манай улс 2003 оноос хойш найман удаагийн төслийг улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж буй юм.

Ирэх жилүүдэд ч энэхүү төслийг үргэлжлүүлэхээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг нар оны өмнө уулзаж, санал солилцсон.

Энэ үеэр салбарын сайд өнгөрсөн хорин жилийн хугацаанд тус сангийн санхүүгийн дэмжлэгээр найман удаагийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсад ДОХ-ын халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьж, эхээс хүүхдэд халдвар дамжихаас бүрэн сэргийлж, сүрьеэгийн эмчилгээ, оношилгоог улам боловсронгуй болгож, сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүртээмжийг нэмэгдүүлсэн зэрэг бодитой үр дүн гарсныг онцолж байв. Мөн тус сангийн санхүүжилт нь монгол хүний эрүүл амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгож, эрүүл мэндийн дэд бүтцийг өргөжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмээр хангах, олон нийтэд түшиглэсэн урьдчилан сэргийлэх, эмчлэх санаачлагыг дэмжсэнээр манай улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буйд талархснаа илэрхийлсэн.

Ийнхүү Глобаль сан өнгөрсөн 20 жилийн хугацаанд ДОХ, сүрьеэтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн 83 сая ам.долларын дэмжлэгийг манай улсад үзүүлсэн байна. Энэ дэмжлэг ДОХ болон сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг бууруулахад нөлөө үзүүлсэн нь Монголын иргэн бүрт хамаарах ач холбогдолтой учраас цаашид төслийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзсэн бөгөөд 2024-2026 онд 15 сая ам.долларын санхүүжилт олгохоор болж буй юм.

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.