Халдвар авснаас хойш 3-6 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болно

2024-01-5 Мэдээ мэдээлэл

 

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад үүнтэй төстэй вирүсүүд байдаг (СДХВ, МДХВ гэх мэт). Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрынөвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна. 

Тэгэхээр ХДХВ нь хүний биед нэвтрэн орж, ХДХВ-ийн халдварыг үүсгэнэ. Энэ үед дархлалын тогтолцоо гэмтэх бөгөөд хэдэн арван жил ч үргэлжилж болно гэдгийг мэргэжилтнүүд судалжээ.

Халдвар дамжих зам:

-Бэлгийн зам: ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүй бэлгийн хавьталд орох
-Цусаар: Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, халдварлагдсан зүү тариур дамжуулан хэрэглэх
-ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: Жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр

Халдвар дамжихгүй зам:

-Шүлс
• Нулимс
• Хоол хүнс, аяга халбагаар
• Агаар дуслын зам (ханиах, найтаах зэрэгт шүлсээр)
• Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
• Хамт амьдрах, ажиллах, суралцах
• Тэврэх, үнсэх
• Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт хамт орох

Цонх үе гэж юу вэ?

-Халдвар авснаас хойш 3-6 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болох ба түүнийг “цонх үе”гэдэг.
-Хэрэв та дээр дурьдсан халдвар авах эрсдэлд өртөж байсан бол “Цонх үе”-ийг тооцон давтан шинжилгээ өгч эрүүл гэдгээ заавал баталгаажуулаарай.

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ:

-ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм.
-ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” байх нь халдваргүй, “эерэг” байх нь ХДХВ-ийн халдвартай болохыг илэрхийлнэ.

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдахын ач холбогдол:

-ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай хүн бусдад халдвар тараадаг.
-ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаар Та өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдварт өртөх эрсдэлээс хамгаална.
-Халдвартай хүн ХДХВ-ийн халдварт өртсөнөө эрт мэдсэнээр эмчийн хяналтанд орж, эмчилгээнд эрт хамрагдан олон жил амьдрах боломжтой юм.
-Жирэмсэн эх ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээр Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хамрагдаж, эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.