Түргэн тусламжийн дуудлагын 28.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

2023-12-26 Мэдээ мэдээлэл


Томуу өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Улсын хэмжээнд амбулаториор 243621 хүн үйлчлүүлснээс 22440 тохиолдол буюу 9.2 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсөд байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт түргэн тусламжийн дуудлагын 28.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Уг үзүүлэлтийг өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 4.6 хувиар өсжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг.

Хоёрдугаар түвшин буюу идэвхжлийн түвшин: Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймаг

Гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн түвшин: Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий аймаг

Дөрөвдүгээр түвшин буюу аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшин: Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг

Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа, лабортори, болон салбар дөрвөн лаборторит нийт 256 сорьцонд шинжилгээ хийхэд 16.7 хувьд нь амьсгалын замын синтициаль вирус, 15.1 хувьд нь томуугийн А хүрээний Н3N2 вирус, 5.2 хувьд нь САРС-КоВ-2 вирус, 6.2 хувьд нь амьсгалын замын халдварын бусад вирус илэрсэн байна.

Томуугийн тандалт, судалгаагаар 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд нийт 9020 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2818 буюу 31.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүнээс 51.6 хувь нь тав хүртэлх насныхан. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 10-14 насанд 1.4 хувиар нэмэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 2308 орон дээр томуу, томуу төст өвчний шалтгаант өвчлөлөөс хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

-Дулаан хувцас өмсөх
-Сайтар унтаж амрах
-Ханиах найтаах үедээ ам, хамраа дарах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
-Гараа тогтмол угаах
-Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
-Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух
-Хамрын хөндийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх, угаах
-Хоолойгоо марганц, фурациллин, содын уусмалаар зайлах
-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
-Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх

Хэрвээ mаньд халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожиж хамар битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж эмчийн зааврыг дагахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.