С.Оюун улс төрд эргэж ирэх үү?!

2023-06-28 Uncategorized


Улс төрийн намууд ирэх сонгуульдаа бэлдээд эхэллээ. Улстөрчид ч ийш тийш гүйлдээд завгүй байх шиг байна. Энэ нь Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог өөрчилсөнтэй холбоотой. Сүүлийн хэдэн сонгууль зөвхөн МАН, АН хоёрын дунд өрнөдөг байв. Харин ирэх сонгуулиас эхлээд том, жижгийн ялгаа багатай, ижил “эрх”-тэйгээр сонгуульдана. Тиймээс улс төрөөс холдоод байсан хүмүүс ч буцаж ирэх бололтой.

Тэр агуулгаар “нас ахимаг” намуудын тоонд зүй ёсоор ордог ИЗНН-д ч багагүй хөдөлгөөн орж байна. АН-д удсан Б.Батбаатар ИЗНН-ын дарга болсон талаар саяхан тус намынхан мэдээлсэн. Энэ нам олон даргатай. Гэхдээ Б.Батбаатарын “томилгоо”-нд ИЗНН-ын дарга нарын нэг, бас гол хүн нь болох С.Оюун оролцоогүй аж. Ц.Ганхуяг нь түүнтэй зөвшилцөөгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын дарга нар зөрчилтэй байгаа гэж болно. Тиймээс С.Оюун намынхаа дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор зэхэж буй бололтой.

Нөгөөтэйгүүр, хэдэн жил улс төрөөс хол явсан С.Оюун Монголд ирж, улс төрд орох болсон нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой байж болзошгүй юм.

Тэрбээр 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд ахынхаа төрсөн өдрөөр хэвлэл, олон нийтэд “…2016 оны намар сард анх “…Энэ хэрэг шүүх рүү явах болж байгаа, хэргийн материалтай танилцаж болно” гэсний дагуу танилцаж байсан. Анхан шатны шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сард болсон. Тэр үед “…Итгэл үнэмшилгүй байна” гэдгийг хэлж байсан. Гол нь бүх хавтаст хэргийг төрийн нууцад аваад, шүүх хурлыг хаалттай явуулсан. Тийм учраас бид гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлсэн. Хамгийн гол нь “…Төрийн нууц” гээд яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. “…Энэ хэргийг нууцаас гаргах ёстой” гэж УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос шаардаж байсан. Харамсалтай нь энэ хэргийг гурван шатны шүүхээр шийдэж, хүмүүс шоронд орж хэлмэгдсэн гэж боддог. Хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хоёр, гурван жилийн өмнө Ц.Нямдорж гишүүн урагшлуулсан. Манай өмгөөлөгч ч анхнаасаа нууцаас гаргах шаардлагыг тавьж байсан. Нууцаас гаргаж байж “…Үндэслэл байна уу” гэдгийг мэднэ. Хэдийгээр материалыг нууцаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан ч прокурор дээр шат шатандаа хэрэгжиж дуусаагүй, үүнийг хэрэгжүүлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд, энэ хэргийг захиалсан, гүйцэтгэсэн хүнийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Бидний зүгээс сүүлдээ “…Хүнийг битгий хэлмэгдүүлээсэй” гэж боддог болсон” гэж байв.

Дараахан нь 2023 оны зургадугаар сарын 19-нд хоригдож буй Ц.Амгаланбаатарын ярьж буй видео бичлэгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн олон нийтэд үзүүллээ. Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг уг хэрэгт гүтгэсэн гэгддэг. Тэрбээр “…2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулынхан анх хүрч ирсэн. Тэр үед “…Чи С.Зоригийг алсан гэж хэл” хэмээн намайг дарамталж эхэлсэн. Би “…Үгүй” гэсэн ч, олон удаагийн дарамт заналхийлэлтэй тулгарсан. …Ингээд би “…Энэ хэргийг хийсэн болж өгье. Ар гэрийнхнийг минь зүгээр орхичих 25 жилийн ялтай юм чинь” гээд “…С.Зоригийг алсан. гэдэг яриа гаргасан. …Миний амь насны эрсдэлийг та бүхэн анхааралдаа аваач ээ. Би өөрөө хүнд хорлогдчих болов уу, яах бол гэж бодож байна” гэх зэргээр ноцтой зүйлсийг ярьсан.

Харин үүний дараахан “…С.Оюун улс төрд эргэж ирэх гэж байна” гэсэн мэдээлэл тарж байгаа нь дээрх таамгийг үүсгээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.