Я.Цэлмэн: Ц.Амгаланбаатар өөрөө шалгагдаж байсан хэргээ яриад хамгаалалт хүсч байна

2023-06-19 Uncategorized


Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-оос өнөөдөр /2023.06.19/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Ц.Амгаланбаатарын бичлэгийг үзүүллээ.

Бичлэгт Ц.Амгаланбаатар нь “Тагнуулын мөрдөгч нарын дарамт шахалт, эрүүдэн шүүлтийн улмаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэж, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би ч өөрөө энэ хэрэгт холбогдолгүй” гэж ярьсан юм.

ХЭҮК-ын гишүүд зургадугаар сарын эхээр хорих байгууллагад ажиллах үеэр Ц.Содномдаржаа нь биечлэн уулзах хүсэлт тавьсан аж. Улмаар тус комиссынхоныг шалгалтаа дуусгасны дараа мөн хорих ангиас удаа дараагийн хүсэлт ирсэн тул ХЭҮК-ынхон ЦСодномдаржаатай уулзаж, уг бичлэгийг хийжээ. Бичлэг хийсэн зорилгын талаар ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудалд эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн “Хорих ангид ял эдэлж байгаа хүний хүсэлтээр бичлэгийг дэлгэлээ. Эрүү шүүлтийн хор хөнөөлийг таниулах зорилгоор хүргэж байна” гэсэн юм.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Энэ бичлэг хэр бодитой вэ. Хэзээ яаж авсан бичлэг вэ?

-Ц.Амгаланбаатар өөрийнхөө дуу хоолойгоор ярьсныг та бүхэн сонслоо. Биднийг зургадугаар сарын эхээр хорих ангиар хяналт шалгалтын ажлаар явахад биечлэн уулзах хүсэлтэй хүмүүсийн нэр өгөгдөж, уулзсан. Уулзах үед Ц.Амгаланбаатар “Ийм асуудал байна, нийтэд дэлгэж өгөөч” гэсэн. Тухайн үед бичлэг хийж аваагүй, буцсаны дараа хорих ангиас нь албан бичгээр удаа дараа хүсэлт ирүүлсний үндсэн дээр бид очиж, тодорхой хуулийн хүрээнд өөрт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бичлэг хийснээ дэлгэлээ.

Ц.Амгаланбаатарт баримт байгаа юм уу. Бусдыг гүтгэж байвал яах вэ. Мөн бичлэгийн зорилго нь юу юм. Олон хүн эрүү шүүлтэд өртөж байдаг. Гэтэл яагаад Ц.Содномдаржааг онцлоод байна вэ?

– Хуулийн байгууллагуудад баримтаа гаргаж өгсөн гэж өөрөө бичлэг дээрээ ч ярьдаг. Тодруулж шалгах асуудал нь мөрдөх чиг үүргийн байгууллагууд учраас бид нар яаралтай шийдвэрлэж, олон нийтэд мэдээллийг өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Ц.Амгаланбаатар өөрөө шалгагдаж байсан хэргээ яриад хамгаалалт хүсч байна гэсэн. Надад тодорхой ярих зүйл байгаа учраас хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн. Нэр бүхий хүмүүсийг ярьсан. Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс хамгаалалтад байсан. Эргээд энэ хамгаалалтыг авахыг хүсч байгаа учраас холбогдох бичгийг явуулсан.

Бичлэгийн зорилго бол эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа Монгол Улсад бий болоод жил боллоо. Бид үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр эрүүл шүүлт байна уу, өмнө нь ямар үед байсан юм, хэзээнээс эхэлсэн юм, ямар аюултай юм, ямар нөхцөлд байгаа юм гэдэг дээр дүн шинжилгээ хийж, анхны тайлангаа хүргүүлсэн. Хойшдоо ийм зүйл гарвал хэвлэн мэдээлэх үүрэгтэй, хуулиараа. Энэ үүргийнхээ дагуу мэдээлнэ. Шалгах эрх бүхий хуулийн байгууллагаас хэргийг тодруулах хэрэгтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.