Өрөнд орох дон

2023-05-2 Uncategorized
Өрөнд орох дон

Монголчуудын жигшдэг зүйлсийн нэг нь өр. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй”, “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” зэрэг хэлц бол монголчуудын гэрт ёсны төдийгүй төрт ёсны хамгийн нандин сургаал” хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Т.Галсан гуай хэлсэн байдаг.

Гэтэл өнөөдөр байдал эргэж, өрөнд ороод ч хамаагүй хэн нэгэнд өөдтэй харагдах гэж хичээдэг дон туссан хүмүүс олширчээ. Тэд зээлээр үнэтэй хүрэм, хувцас худалдан авч, өр тавиад ч хамаагүй гангалахыг хүсдэг болж. Өр тавьж баяр тэмдэглэх нь бараг “мода” боллоо. Шинэ загварын утас, хэтэвч, машин гарсан л бол өрөнд ороод ч хамаагүй худалдаж авах хүсэлтэй хүмүүс улам л олширч байна. Энэ хэрэгцээг олж харсан төрөл бүрийн зээлийн аппликейшнууд ч шил шилээ даран “мэндэлж”, тавхан минутад зээл олгодог болов. Зээл авах гэж түмэн материал бүрдүүлдэг үе хэдийнэ ард хоцорч ийнхүү шинэ систем нэвтэрсний уршгаар өр тавих донтой дараагийн нэгэн сүрэг бий боллоо. Хэтийдсэн хэрэглээгээ тооцохгүй, санхүүгийн боловсролгүй иргэд зээл авах нь улам л олширч, чанаргүй зээлийн тоо ч өсөх сөрөг хандлага гарах болов. Энэ үзэгдэл нь хувь хүн, өрхөд төдийгүй нийгэмд ч халтай байна.

Монголчуудын ихэнх нь давхар зээлтэй

“Хэрвээ банкинд 100 мянган долларын өртэй бол та банкнаас хамааралтай, харин 100 сая долларын өртэй бол банк танаас хамааралтай болно” гэх наргиа өрийн талаар товчхон тайлбарлаад өгч буй. Хүний хэрэгцээ хязгааргүй. Харин хэрэгцээг нь хангах мөнгө хязгаартай. Иймд хязгаарлагдмал нөөц буюу мөнгийг хязгааргүй хэрэгцээнд зөв зохистой зарцуулах нь хувь хүний зохион байгуулалтын асуудал. Гэтэл дээр дурдсанчлан бидний дийлэнх нь санхүүгийн боловсрол дутмаг байна. Үүнээс үүдэж цалин, орлогоосоо хэт давсан зээл тавьж төлөлт нэхсэн мэдэгдэлдээ толгойгоо гашилган суухаас өөр гарцгүй байдалд буй хүн ганц нэгээр тогтохгүй. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нийт өрхийн ердөө 22 хувь нь хадгаламжтай бол 52 хувь нь ямар нэгэн зээлтэй байгаа нь тогтоогджээ. Тус судалгаанд өгүүлснээр, нэг өрх хэд хэдэн давхар зээлтэй байх тохиолдол ч элбэг байгаа аж. Тухайлбал, зээлтэй өрхүүдийн 83.7 хувь нь нэг төрлийн зээлтэй, 14.7 хувь нь хоёр төрлийн зээлтэй, 1.6 хувь нь гурван төрлийн зээлтэй байна. Түүнчлэн анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравхоёрдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 190.7 тэрбум (20.3 хувь) төгрөгөөр өсжээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж байна. Дээрх статистикаас харахад, монголчуудын ихэнх нь хоёроос дээш зээлтэй амьдарч байна.

Өрөнд орох донЭдийн засагч Д.Жаргалсайхан

Монголчууд бид нийтээрээ бэлэнчлэх сэтгэлгээ, үрэлгэн байдалд дасаж, бүтээснээсээ илүүг хэрэглэх болжээ.

“Чөтгөрийн тойрог” шиг онлайн зээл 

Нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагаас хийсэн судалгаанд оролцсон иргэдийн 69 хувь нь ямар нэг аппликейшны зээлтэй гэсэн үр дүн гарчээ. Тодруулбал, судалгаанд оролцсон 10 хүн тутмын 7 нь аппликейшны зээлтэй байжээ. Мөн тэдний 34.1 хувь нь хэд, хэдэн аппликейшнаас зэрэг зээл авч үзсэн гэж хариулсан байна. Тус судалгаанаас харахад, иргэдийн аппликейшнаар дамжуулан зээл авах хандлага өндөр байгааг илтгэж буй. Бага дүнтэй зээл олгодог, шалгуур багатай зэрэг олон давуу талаас нь үүдэн аппликейшны зээлийг иргэд сонгосон бол амар хялбараас нь үүдэн дахин, дахин сонгож, нэгийнхээ өрийг дарахын тулд нөгөөг нь сонгосоор чөтгөрийн тойрогт ордог байна.

Өрөнд орох донМУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Л.Оюун

Би хүмүүсээс хэр үрэлгэн эсвэл сахилга баттай хүн гэдгийг нь тодруулахын тулд “Цалин буухад танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ” гэж асуух дуртай. Энэ асуултын хариултаас л тухайн хүний санхүүгийн боловсрол шууд харагддаг. Санхүүгийн боловсролгүй хүн бол шууд авах тухайгаа боддог. Харин тооцоотой, санхүүгийн мэдлэгтэй хүн эхлээд хэдийг нь хадгалахаа тооцоолчихоод үлдсэнг  юунд зарцуулахаа мэднэ. Ингэж зөв зарцуулж сурахын тулд хувь хүн өөртөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Байр, хоол, унааны зардал гээд багагүй тооцоо хийж зарцуулалтаа гаргаад хэмнэж хадгалах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Энэ төлөвлөгөө хэрэгжих явцаас санхүүгийн сахилга бат харагдана.

Худалдаж авах “хүсэл” буюу “Дэлгүүр хэсэх дон”

Үйл явц амар хялбар болж, шалгуур нь багасаж буйн хэрээр иргэд онц хэрэгцээгүй зээл авах нь ихсэж үүнийгээ ямар ч үр ашиггүй зарцуулж байна. Зарим хүний хувьд хувааж төлдөг зээлийн карт, онлайн худалдаа зэргээс хэт их худалдан авалт хийдэг. Үүнийг анагаах ухаанд шопахолик буюу “Дэлгүүр хэсэх дон” гэж нэрлэдэг. Энэхүү донд өртсөн хүмүүс хэнд ч хэрэгцээгүй худалдан авалт хийж, үүнээсээ нэг төрлийн таашаал мэдэрч улмаар донтолтод өртдөг аж. Өнөөдөр Монголын ихэнх хүмүүс яг ийм эмгэгт өртсөн байна. Элдэв бус хэрэгцээгүй зүйлсэд мөнгө зарцуулна. Хүнээс зээлсэн мөнгөрөө архи ууж наргиж цэнгэнэ. Тэд нэг үгээр энгийн даруу амьдралаас илүү хээнцэр чамин зүйлсэд нүдээ сохолно. Үүнээсээ үүдэж өрийн дарамтад орно. Гэтэл таны авсан зээл орлогын тань 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдгийг эдийн засагчид анхааруулдаг.

Өрөнд орох донСэтгэл зүйч Ж.Үйлст

Ихэнхдээ эмэгтэйчүүд дэлгүүрээс хувцас худалдан авснаар өөрийгөө тайвшруулж байна гэж үздэг. Энэ үйлдэл нь дахин, дахин давтагдсанаар дон болдог. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ хүнтэй  хэрэлдэж муудалцхаараа, эсвэл зүгээр л ямар нэг зүйлд бухимдсан үедээ шинэ зүйл худалдан авах маягаар өөрийгөө тайвшруулдаг. Гэтэл сэтгэл санаа нь тогтворгүй үедээ авсан зүйлсээ дараа нь хэрэглэхгүй байх нь элбэг. Ингэж хийсэн худалдан авалтын дараа тэд сэтгэл санаагаар илүү их унаж, санхүүгийн хувьд ч уналтад ордог.

Гэвч манайд цалин орлогоосоо хэт давсан зээл тавьж, маргааш нь мөнгөө үрчихдэг дүр зураглал бий. Дээр дурдсан тоо баримтаас хадгаламж хуримтлуулж байгаа айл өрх маш бага байгааг харж болно. Энэ нь нэг талдаа бидний санхүүгийн боловсрол ямар хэмжээнд байгаагийн илрэл юм. АНУ, Европын холбооны улсуудад иргэдийн боловсролын, санхүүгийн мэдлэг өндөр тул зээл авах өрийн дарамтад орох эрсдэл маш бага байдаг аж. Харин Энэтхэг, Индонези, Африк зэрэг хүн амын боловсролын түвшин доогуур улсуудад хэрэгцээтэй, хэрэгцээгүй зээл авах нь их. Ийнхүү өөрсдийгөө өрийн дарамтад оруулж зээлээс зээлийн хооронд холхих нь элбэг байдаг байна. Энэхүү дүр зураглал хувь хүнд л гэхэд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх алхамд саад хийдэг. Өрийн дарамтад орсноор тухайн хүний сэтгэл санаанд төдийгүй гэр бүлийн гишүүдийн уур амьсгалд сөрөг нөлөөг нэмж, сэтгэл зүйд асар том дарамт болдог. Гэр бүл салалтын хамгийн түгээмэл 10 шалтгааны нэгд санхүүгээс үүдэлтэй хэрүүл, өрийн дарамт гол нөлөө болдог гэдгийг гэр бүл судлаач Р.Мөнхцэцэг өгүүлжээ. Эцэст нь өгүүлэхэд, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн энэ зуршил таныг ирээдүйн зорилгогүй, алсын хараагүй нэгэн болгож ирээдүйг тань үгүй хийж буйг санаарай.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.