Хагас тэрбумыг “идсэн” даргыг 20 хон саяар торгоод өнгөрдөг хууль, шүүхтэй улс шүү дээ бид!!

2023-03-7 Uncategorized


Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэг нь Ерөнхий нягтлан бодогчтойгоо хуйвалдаж,500 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан нь шүүхээс тогтоогджээ. Тэрбээр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас нэр бүхий компаниуд руу “бараа, материал ” гүйлгээний утгатайгаар мөнгө шилжүүлнэ. Гэвч тухайн компаниас нийтлэг үйлчилгээний газарт ямар ч бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй. Харин дарга нь хувьдаа хувцас, гоёл чимэглэл, гоо сайхны үйлчилгээ, тавилга зэргийг худалдан авдаг байжээ

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас:

“Унаган төгөл” ХХК-руу 162,2 сая төгрөг, “Хөтөл тэлмэн” ХХК-руу 32,7 сая төгрөг шилжүүлж, Италийн брэнд хувцасны “Нараа бүтик” дэлгүүрээс дарга нь өөртөө 157 сая төгрөгөөр хувцас хэрэглэл худалдан авсан. /10 гаруй саяар Герман булган шуба, 30 гаруй саяар хар драпан пальто, суусар урт хантаазны хослол гэх мэтийг авчээ.

“Люкс таун” ХХК-руу 64,1 сая төгрөг шилжүүлэнгүүтээ 17 сая төгрөгөөр нь гэртээ тавилга, эд зүйл худалдан авчээ

“Жоконди” ХХК-руу 93,8 сая төгрөг шилжүүлэнгүүтээ өөртөө хувцас, ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг гоёлын хэрэглэл, хүнс худалдан авчээ.

“Ди Ди Өү Би” ХХК-руу 46,7 сая төгрөг шилжүүлэнгүүтээ өөртөө шүдний имплант хийлгэсэн.

“Би Би Ай” ХХК-руу 44,6 сая төгрөг шилжүүлэнгүүтээ 39.6 төгрөгийг бэлнээр авч, хувийн хэрэгцээнд зарцуулсан,

“Хосчой” ХХК-руу 33 сая төгрөг шилжүүлэнгүүтээ охин Ц.Хэрлэнчимэгийн нэр дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах КН апартментэд байрлах 195 дугаартай авто зогсоол, агуулахын хамт худалдан авсан.

“Үлэмж грийс” ХХК-руу 21.7 сая төгрөг шилжүүлэнгүүтээ хувьдаа гоо сайхны үйлчилгээ авсан

“Мөнгөн гялбаа” ХХК-руу 637,1 сая төгрөг шилжүүлэнгүүтээ 153,7 сая төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлж болон бэлнээр авч хувьдаа зарцуулсан

Энэ мэтээр Ш.Одончимэг нь үргэлжилсэн үйлдлээр нийт 562,994,706 төгрөгийн хохиролыг өөрийн удирдаж байсан Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт учруулжээ. Түүнд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. 500 саяыг идэж уусан хүнийг 20 сая төгрөгөөр торгодог хуультай байхад Монголд авлига арилж, шударга ёс тогтохгүй ээ.Авлигалын гэмт хэрэгт оноох ялыг чангатгах нь маш зөв шүү!!

Сэтгүүлч Б.Отгон

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.