Бүсгүй ТА гурван жил тутам эсийн шинжилгээнд хамрагдаж, иргэний үүргээ биелүүлнэ үү

2023-02-1 Мэдээ мэдээлэл

 

Манай улсын хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар ордог. Гэхдээ энэ өвчнөөс бүрэн сэргийлж, эрт үед нь “нам дарах” бүрэн боломжтой гэдгийг салбарынхан дуу нэгтэй хэлсээр, анхааруулсаар байгаа юм.

Тэр ч утгаараа манай улс 30-60 насны эмэгтэйчүүдээс гурван жилийн зайтай умайн хүзүүний эсийн шинжилгээг ямар ч үнэ төлбөргүй авдаг. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох боломжоор хангаж байгаа хэрэг юм. Энэхүү шинжилгээг ихэнх эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд авдаг.

Мөн энэхүү хавдраас сэргийлэхийн тулд дэлхийн ихэнх улс орнууд вакцин хэрэглэдэг. Манай улсад ч гэсэн сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Тодруулбал, эцэг, эх, асран хамгаалагч болон хүүхэд өөрөө зөвшөөрсөн тохиолдолд анхдагч урдчилан сэргийлэх арга хэмжээ буюу вакциныг 9-13 насныханд хийж байна. Энэхүү вакциныг 2000 оны эхээс хийж эхэлсэн. Уг вакцин нь хоёрт, дөрөвт, ест гэж байдаг. Эдгээр нь хурдан хугацаанд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хөхөнцөр вирусийн хувилбаруудын эсрэг вакцин гэж ойлгож болно. Учир нь 9-13 насны охидуудыг бэлгийн харьцаанд ороогүй байхад вакцин хийвэл дархлаа тогтож, анхны бэлгийн харьцаанаас халдвар авсан ч өвчлөхгүй байх боломжтой юм.

Энд умайн хүзүүний эсийн шинжилгээний талаар дэлгэрүүлвэл, нийт эмэгтэйчүүдийн 30-аас дээш буюу 33, 36, 39 настай бол өрхийн эрүүл мэндийн төвд эсийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх боломжтой. Хэрэв эсийн ямар нэг өөрчлөлт гарах эсвэл хавдрын урьтал болж эмчлэгдэх боломжгүй болсон тохиолдолд дараагийн шат болох Хавдар судлалын үндэсний төв рүү шилжүүлж эмчилгээ оношлогоо болон дараагийн арга хэмжээг авна. Умайн хүзүүний хорт хавдар нь 100 хувь эмчлэгдэх боломжтой. Гэхдээ энэ нь эрт оношлогдсон тохиолдолд юм. Тиймээс эмэгтэйчүүд гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ төлөө эсийн шинжилгээгээ эрт өгөх шаардлагатай гэдгийг энд онцолж байна. Өөрөөр хэлбэл, эсийн шинжилгээний зах зээлийн үнэ боломжийн тул бага зардлаар том хавдраас сэргийлэх боломжтой. Мөн төр засгаас үнэ төлбөргүй товлолт хугацаанд авч буй шинжилгээндээ хамрагдах нь бүсгүй Таны иргэний үүрэг юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.