Хүүхэд хамгааллын төвд ирж байгаа хүүхдийн 55 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртжээ

2023-03-1 Гэр бүл


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд ажиллажээ.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны нэгдүгээр сард 7984 дуудлага мэдээлэл ирсний 1309 нь хүүхдийн эрх, хамгаалал, 728 нь зөвлөгөө хүссэн, 2973 нь мэдээлэл хүссэн, 2971 нь зорилтот бус буюу тасарсан, тоглосон дуудлага эзэлж байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар энэ оны эхний 2 сард нийт 101 хүүхэд үйлчилгээ авсан. Тэдний 34 хувийг 0-5 насны хүүхэд, 30 хувийг 11-15 насных, 24 хувийг 6-10 насны хүүхэд эзэлж байна. Ирж буй хүүхдийн 55 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна. Үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй гол шалтгаан нь эцэг эх архины хамааралтайгаас болохыг төвийн мэргэжилтнүүд онцолсон.

Дэд сайд С.Зулпхар, “Хүчирхийлэл, дарамтад өртөж, эрх нь зөрчигдсөн хүүхэдтэй ажиллах нь маш нарийн мэдлэг, мэдрэмж, ёс зүйг шаарддаг” болохыг онцлоод ажилчдын нийгэм сэтгэлзүйн тэнцвэр, ур чадварыг сайжруулах сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулах, ирсэн дуудлагад дүгнэлт шинжилгээ хийж, нийгэмд сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх үүднээс мэдээлэх, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулж, туршлага мэдээлэл солилцож, зөвшилцөх, үе тэнгийнхний дээрэлхэх, гадуурхах байдалд онцгой анхаарч олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эх багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нарт тохирсон зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах чиглэл өгчээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.