Видео-А.Бурмаа: Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

2023-01-26 Мэдээ мэдээлэл

ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус төвийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа дараах мэдээллийг тодруулав.

Тэрбээр “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал өмнөх долоо хоногтой адил алаг цог дэгдэлтийн түвшинд байна. Нэг аймаг дэгдэлтийн түвшинд хүрсэн байгаа. Нийт өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Энэ сарын 24-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсэдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Үүнийг өмнөд өдөртэй нь харьцуулахад 1.7 хувиар нэмэгдсэн. Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэлж байна. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А вирусний H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна.

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн 2-12 насны 800 гаруй мянган хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулаад байна. Хичээл эхлэх гэж буйтай холбоотойгоор вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Ирэх даваа гарагт ЕБС-ийн хичээл эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвших хэрэгтэй.

Удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр нь байлгах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин дэм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлдэг. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтой.

Мэс заслын буюу нэг удаагийн маскийг 2 цаг зүүгээд солино. Харин шүүлтүүртэй маскийг 8 цаг зүүж болно. Маск зүүх нь ханиаж, найтаах үед агаарт гарч байгаа шүүрлүүдийг бусдад халдаахаас сэргийлдэг” гэв.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.