Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой

2023-02-17 Мэдээ мэдээлэл


Сүүлийн үед умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Манай улсад 2021 умайн хүзүүний хорт хавдраар 312 хүн оношлогдсон нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын хоёрдугаарт, тохиолдлын тоогоор нийт хорт хавдрын тавдугаарт эрэмбэлэгддэг өвчлөл өндөртэй хавдруудын нэг болж байгаа нь дэндүү харамсалтай. Тэрдундаа тус хавдраар өвчлөгсдийн тоо залуужих хандлагатай байгааг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус юм. Бэлгийн замаар дамжин халдварладаг хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх хамгийн гол арга нь уг вирусийн эсрэг вакцин гэж үздэг. Энэхүү вакциныг дэлхийн 120 гаруй улс нэвтрүүлснээс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө 90 гаруй улс орон оруулан 9-14 насны охидод хийж эхэлсэн байна. Гэтэл манай улсад тус вакцины талаар охидыг үргүй болгох гэж байна, вакцины туршилт хийж байна” гэх мэт худал цуу мэдээллийг вакцин эсэргүүцэгчид нийгэмд түгээснээс үүдэж уг хөтөлбөр зогссон байдаг.

Энэ сөрөг мэдээллээс болж олон мянган эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж, амь насыг аврах боломжийг алдсан талаар мэргэжлийн эмч хэллээ. Мөн манай улс HPV-ийн вакцинжуулалт амжилтгүй хэрэгжсэн цөөн хэдэн орны нэгээр нэрлэгддэг байна.

Харин 2022 оноос эхлэн хүний папиллома вирусний эсрэг вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор хүн амыг дахин вакцинжуулж эхэлжээ.

Одоогоор дэлхийн 119 орон буюу ДЭМБ-ын гишүүн орнуудын 60 орчим хувь нь вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулж охиддоо хийж байна. Харин өндөр хөгжилтэй 30 гаруй орон тус вакцинд зөвхөн охид биш, хөвгүүдээ бас хамруулж байгаа аж.

HPV вирус нь умайн хүзүүний эсийг өөрчилж энэ нь аажмаар хавдарын эх үүсвэр болдог. Умайн хүзүүний хавдар нь ихэвчлэн олон жилийн туршид үргэлжилсэн хавдрын урьдал эмгэгээс үүсдэг тул эс судлалын шинжилгээ буюу ПАП (pap smear) тестээр хэвийн бус эсийн өөрчлөлтийг илрүүлдэг. Эрт илрүүлгийн тестийг 21 наснаас эхлэн хийх бөгөөд шинжилгээ нь хэвийн гарсан эмэгтэйчүүд 3 жилд нэг удаа хийлгэх ёстой байдаг юм.

Тиймээс бид уг өвчнийг ялан дийлэхийн тулд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг сайжруулж, вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.