Вакцин ба Папиллома вирус

2022-06-25 Мэдээ мэдээлэл

 

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл  олон бий. Тамхи татах, жирэмснээс хамгаалах дааврын эмийг удаан хугацаагаар хэрэглэх, дархлаа сул байх, эрт бэлгийн харилцаанд орох нь эрсдэлт хүчин зүйлийн 10 орчим хувийг эзэлдэг. Үлдсэн 90 орчим хувийг эзэлдэг хамгийн эрсдэлт хүчин зүйл нь хөхөнцөр вирусын халдвар буюу папиллома вирус юм.

Тэгвэл энэхүү дэлхий дахинд “аюулын харанга” дэлдээд буй умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орсон үеэс эхэлдэг. Учир нь бэлгийн харьцаанд орсноор хүний папиллома вирусын халдвар авах магадлал үүснэ. Иймээс тус халдварын эсрэг вакциныг охидод хийх нь зүйтэй гэж үздэг. Бэлгийн замаар дамжин халдварладаг хүний папиллома вирусаас сэргийлэх хамгийн гол арга нь вирусын эсрэг вакцин юм. ДЭМБ 2008 онд папиллома буюу хөхөнцөр вирусын эсрэг вакциныг гарган авсан. 2020 оны мэдээллээр 190 гаруй орны 122 нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг дархлаажуулалтынхаа товлолтод оруулсан байна.

Харин манай улсад хүний папиллома вирусын вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын албанд сайн дурын үндсэн дээр хийдэг. Өөрөөр хэлбэл, манай улс дархлаажуулалтын товлолдоо энэ вакциныг хараахан оруулаагүй улсын нэг гэсэн үг. ДЭМБ-аас баталгаажилт авсан вакциныг 9-13 насны охидод тун хоорондын хугацаа нь нэгдүгээр тун хийлгэснээс хойш хоёр сарын дараа хоёрдугаар тунг хийлгэж, эхний тунгаас зургаан сарын дараа гуравдугаар тунг хийлгэх ёстой байдаг.

Түүнчлэн папиллома вирусын халдвар авсан эмэгтэй бүр умайн хүзүүний хавдраар өвдөх үү гэвэл бас үгүй. Хувь хүний дархлааны онцлог, байдлаас хамаарч халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 90 хувьд нь хоёр жилийн дотор вирусын халдвар устаж, буцаж эдгэрдэг. Үлдсэн 10 хувьд нь 10-30 жилийн хугацаанд хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Вакцин хийсэн тохиолдолд умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэл буурна гэсэн үг. Харин бэлгийн олон хавьтагчтай байх, хавьтагч нь цаанаа олон хавьтагчтай байвал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан болдог. Тиймээс  эрэгтэй хүн хөхөнцөр вирусын тээгч болон дамжуулагч болдог. Хөхөнцөр вирус нь дан ганц умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэггүй. Шодойн хавдар, ам, залгиур, улаан хоолойны хавдрыг үүсгэдэг учир эрэгтэйчүүдэд эрсдэлтэй. Дэлхийд 150 гаруй төрлийн хөхөнцөр вирус байна. Үүний 30 орчим төрөл нь умайн хүзүүний хавдар үүсгэдэг гэдгийг судлаачид тогтоогоод буй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.