ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Эрүүл мэндийн яамны удирдлагууд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, өрх, сумын эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон холбогдох эмч, мэргэжилтнүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, уулзалт зохион байгуулав.
Тус уулзалтыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр нээн, Эрүүл мэндийн яамнаас 2023 онд хэрэгжүүлэх бодлогын талаарх товч танилцуулга хийв. Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Эрүүл мэндийн яамны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг нар мэдээлэл хийв.
Уулзалтын үеэр эрт илрүүлгийн зохион байгуулалт, гүйцэтгэлийн санхүүжилт, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, цалингийн доод жишиг хэмжээ болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн тогтвор суурьшил, төгсөлтийн дараах сургалтад эмч, мэргэжилтэнг хамруулах, эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудыг харилцан ярилцаж, санал солилцлоо. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажилд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг манлайлж оролцохыг уриаллаа.