Өнөөдөр буюу 2022 оны 04-р сарын 09-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Алтай хотын аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж ЭМЯ болон АХБ дэмжлэгээр 891 сая төгрөгийн тоног төхөөрөмж 500 сая төгрөгийн өртөг бүхий барилгаас бүрдсэн ариутгалын тасгийн нээлтийг хийв. Монгол Улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, 2013 оноос эхлэн хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна. Төслийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасгийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон шинэчлэн засварлаж, багаж ариутгах халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг хийсэн юм. Энэ хүрээнд Говь-алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Өнөөдөр бид төслийн хүрээнд хийсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 504.1 сая төгрөгийн барилгын их засвар болон 827,0 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өглөө. Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын үед улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулна . Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцлийг бүрдлээ. Үүний дараа Эрүүл Мэндийн сайд С.Энхболд Алтай чуулгын байранд Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн байгууллагагын төлөөлөл эмч эрүүл мэндийн ажилчидтай уулзаж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлаа танилцуулан, асуултад хариуллаа. Уулзалтын дараа эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ санхүүжилтээр хийгдэж буй Эрүүл мэндийн дэмжих төвийн засварын ажил ба нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа. Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар эхлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Ховд аймагт ажиллаж тус аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус дэмжих төвд 1.3 тэрбум төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд шаардлагатай засварыг хийж байгаа юм. Үүний дараа Эрүүл мэндийн сайд тус аймгийн төрөх эмнэлэгг, Зооноз Өвчин Судлалын Төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцлаа. Үүний дараа Эрүүл Мэндийн сайд Ховд аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга өөрийн аймгийн эрүүл мэндийн нөхцөл ба орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцооллын талаар энэ үеэр танилцуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын төлөөлөлд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулан мөн оролцогчдын асуултад хариуллаа. Эрүүл мэндийн сайд мөн аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасаг, гэмтлийн тасаг, төрөх тасаг, яаралтай тусламжийн тасаг, сэхээний тасгийн үйл ажиллагаатай танилцаж нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.