Ж.Байгалмаа: Коронавируст халдвараар давтан өвдөх эрсдэл нэмэгдэж байна

2022-11-25 Мэдээ мэдээлэл


ХӨСҮТ-өөс коронавируст халдварын BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, томуу, томуу төст тархалт, вакцинжуулалтын үр дүн, бусад амьсгалын замын халдварт өвчний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хэмжээнд covid-19 халдварын 1855 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 663-аар өссөн үзүүлэлт юм. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь өнгөрсөн долоо хоногт 8.3 хувь болж, 2.4 хувиар нэмэгдсэн бөгөөд нас баралт хүртэл бүртгэгдлээ.

Омикроны дэд хувилбар бүртгэгдсэнээс хойш халдварын тархалтын онцлогийн талаар тандалт судалгааг хийхэд эерэг бүртгэгдсэн тохиолдлуудын 67 хувь нь ажлын байр дээрээ халдвар авч байна. Эерэг бүртгэгдсэн тохиолдлуудын 67 хувь нь ажлын байр дээрээ халдвар авсан бол 38 хувь гэр бүлийн хүнээс халдвар авсан байна.

Эмнэл зүйн шинж тэмдгийн тухайд омикроны дэд хувилбарын халдвар авсан хүмүүсийн 68 хувьд нь хоолой өвдөх, 64 хувьд нь хуурай ханиалгах, 58 хувьд нь хамар битүүрэх, нус гоожих, халуурах шинж тэмдэг илэрсэн. Мөн омикроны халдварын хувьд нууц хугацаа богиноссон бөгөөд дунджаар хоёр хоног үргэлжилж байна. Мөн коронавируст халдвараар давтан өвдөх эрсдэл нэмэгдсэн.

Омикрон хувилбарын оргил үед давтан халдвар авсан тохиолдол 25 хувь байсан бол одоо омикроны BQ.1.2, BF.7 дэд хувилбарын үед давтан өвдөлтийн хувь хоёр дахин нэмэгдсэн байгаа юм.

Ингэхдээ ихэвчлэн долоон сараас нэг жилийн хугацаанд дахин халдвараар өвчилж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь халдвар аваад эдгэрсний дараа тогтсон байгалийн дархлаа нь долоон сар орчмын дараа буурсан тул ийнхүү давтан өвдөж байна.

Иймд долоон сараас нэг жилийн өмнө коронавируст халдвараар өвдсөн бол одоо давтан өвдөх эрсдэл үүссэн. Тиймээс дархлаа сэргээх вакцин хийлгэх шаардлагатай” гэлээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.