Ерөнхий сайд Засгийн газрын шинэ танхимынхаа бүтцийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна

2022-08-29 Uncategorized


Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг заалтыг УИХ хүчингүй болгосон билээ.

Ингэснээр давхар дээлийн хязгаарлалттай холбоотой хуулийн заалт хүчингүй болж Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. Түүнчлэн өнгөрөгч баасан гарагт Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ танхимынхаа бүтцийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ кабинетаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэгч үндэсний эв, эеийг хангасан байдлаар бүрдүүлж байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй. Ингэхдээ Ардчилсан намын гишүүдтэй хамтарч Засгийн газар байгуулах саналыг Удирдах зөвлөлд танилцуулна гэсэн мэдээлэл гарсан. Гэвч сөрөг хүчний гишүүдийг Засгийн газарт ажиллуулах санал Удирдах зөвлөлийн эсэргүүцэлтэй тулах магадлалтай.

Түүнчлэн Засгийн газрын бүтцийн энэхүү бүрэлдэхүүнд байгуулагдсан цагаасаа үүрэг гүйцэтгэгчээр хамааруулж яваа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд нар шинээр томилогдоно. Энэхүү албан тушаалд томилогдох гишүүдийг хэдийнэ олон нийт таамаглаад буй. Мөн Хэрэг эрхлэхийн даргаар хэн очих нь сонирхол татаж байгаа юм. 2019 онд батлагдсан ҮХНӨ-өөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, сайд нэг бүрийг УИХ-аар хэлэлцүүлж, томилдог байдлыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд танхимдаа шинээр томилогдох сайдуудын нэрсийг улс төрийн агуулгаараа нам дотроо тохирмогц Засгийн газрын түвшинд батламжилж, захирамжаа гардуулна. Харин УИХ-д шинэ сайдуудаа танилцуулж, тангараг өргүүлдэг билээ.

УИХ-ын чуулганы ээлжит бус чуулган энэ сарын 26-нд өндөрлөх товтой байсан ч төлөвлөсөн хуулийн төслүүдээ баталж амжаагүй гэдэг шалтгаанаар энэ сарын 31-ний өдөр хүртэл сунгасан юм.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.