Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар сармагчны өвчин дэлхийн 12 улсад 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна

2022-05-23 Uncategorized

 

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Нарангэрэл сармагчны өвчний (Monkey pox ) талаар холбогдох мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар уг өвчин дэлхийн 12 улсад 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ өвчин анх өмнөд африкийн орнуудад 1970 оноос бүртгэгдэж нутагшмал байдлаар гардаг болсон. Анх өвчин үүсгэгч (orthopox) вирусийг сармагчнаас илрүүлсэн тул уг амьтны нэрээр нэрлэсэн түүхтэй. Уг вирус цагаан цэцэг, салхин цэцэг өвчнийг үүсгэдэг вирусийн төрөл юм. Энэ төрлийн вирус сармигчнаас гадна хэрэм, зурам, харх зэрэг мэрэгч амьтанд байдаг. Өргөн дархлаажуулалтын үр дүнд цагаан цэцэг өвчин устаад 50 гаруй жил болж байна. Харин салхин цэцэг өвчин түгээмэл гардаг өвчний нэг юм. Сармагчны өвчний халдварлах зам, шинж тэмдэг салхинцэцэг өвчинтэй их төстэй” гэлээ.

Дамжих замын тухайд:

1. Агаар дусал

2. Ахуйн хавьтал (бохир гар)

3.Хоол хүнс ( түүхий шүүрхий мах) замаар халддаг боловч зарим судлаачид бэлгийн замаар халдах боломжтой гэж үзэж байна.

Эмнэл зүйн гол шинж тэмдэг:

Гар, нүүр, үе мөчнөөс эхлэн овгор, цэлцгэр цэврүүт тууралт гарах, загатнах, халуурах, тунгалгийн булчирхай цочих …. зэрэг болно. Ерөнхийдөө хөнгөн явцтай боловч бага насны хүүхэд хүндрэх эрсдэлтэй.

Урьдчилан сэргийлэлт:

1. Өвчлөл гарсан улс оронд бага насны хүүхэд дагуулж зорчихгүй байх,
2. Мал, амьтны захаар явахгүй байх,
3.Түүхий шүүрхий мах, эд эрхтэнг хэрэглэхгүй байх( тарвага, гөрөөс .. гэх мэт),
4.Амьтан, ялангуяа мэрэгч амьтан, тэдний сэг, зэмэнд хүрэлцэхгүй байх,
5. Гарын ариун цэврийг сайтар сахих (савантай усаар сайтар угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх)
6. Бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх,
7. Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угаах, наранд тавих,
8.Дархлаагаа дэмжих,.
9. Хэрвээ Халуурах, тууралт гарах, ялангуяа тунгалгийн булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах … зэрэг болно. Ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж халдвараас сэргийлэх боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.