Д.Сарангэрэл: Төр гэж байгаа бол иргэдийнхээ амь насыг аврах ёстой

2022-05-23 Uncategorized


Хүн эрүүл саруул амьдрах шиг аз жаргал хаана байх билээ!!! Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг хэмээн хэлэлцдэг ч энэ их утаа, гаднаас оруулж ирж буй органик бус хүнсний бүтээгдэхүүнүүд, ядуурлаас үүсэж буй нийгмийн стресс бухимдал энэ бүхэн нь монголд эмчлэгддэггүй зайлшгүй гадааадад эмчлүүлэх шаардлагатай хүнд өвчнүүдэд иргэд нэрвэгдэхэд хүргэж байна.

Шалтгаан нь ийм байгаа учраас төр иргэддээ туслах ёстой, амь насыг нь аврах ёстой. Энэ бол халамж биш төрийн үүрэг нь!!!

Хэн ч аав ээж, ах дүү төрөл төрөгсөд хайртай хүмүүсээ хүнд өвчнөөр алдахыг хүсэхгүй. Тийм учраас сошиалаар байнга л цөхөрсөн хүмүүсийн хандив тусламж хүссэн, уриалсан постууд явж байдгийг хараад өр өмөрдөг. Бидэнд ч бас ийм хүнд үе тохиолдож байсан болохоор хэцүү хэцүү.

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл нь 2019 онд ЭМДЕГ-ын тухайн үеийн дарга Г.Баясгаланд уг асуудлыг судлах үүрэг чиглэл өгсөн байдаг. Г.Баясгалан дарга баг хамт олноороо асуудлыг жил бүрийн мэдээлэлдээ тулгуурлан судалгаа гаргаж 2 долоо хоногийн дараа эрүүл мэндийн сайдад “ЭМДСан жил бүр 30 тэрбумыг эрсдэлд төсөвлөдөг. Үүнээс 10 тэрбумыг нь зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх талаар магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан өвчтний эмчилгээний зардалд зарцуулах боломжтой. Жилд ийм тохиолдол 100 гаруй гардаг юм байна. Бид ийм хүмүүстээ нэг удаад 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээн танилцуулав.

Эрүүл мэндийн яам энэ судалгаанд үндэслэн төсөл боловсруулсан боловч 2020 оны сонгуулийн дараа тэрбээр дараагийн сайдад энэ төслөө хүлээлгэн өгсөн болно. Нөгөө өмнөх хүнийхээ хийснийг дараагийн хүн нь үгүйсгэдэг гунигт түүх давтагдсан.

Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр болсон Донорын тухай хуулийг хэлэлцэхэд энэ сэдвийг бас хөндсөн. Тэрбээр энэ тухай шийдэл олохоор сэтгэл зүрхээ зориулж яваа нэгэн. Тийм учраас түүний баримталж буй байр суурь бол “Энэ асуудлаар мэргэжлийн хүмүүс, иргэд янз бүрийн л байр суурьтай байдаг. Эх орондоо л эмчилдэг болгох хэрэгтэй, байдаг валют гадагшаа урсана гэх мэт. Эх орондоо аливаа өвчнийг эмчлэх боломжийг манай эмч мэргэжилтнүүд бий болгосоор байна. 2018-2020 онд эх орондоо эмчилдэггүй 39 өвчнийг 26 болгож буулгасан. Одоо ч буулгасаар буй. Гэхдээ одоогоор эмчлэгдэхгүй өвчин бас байна. Хамгийн гол нь амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнийг, бяцхан хүүхдүүдээ эмчилдэг болох цаг хугацааг хүлээ гэх ямар ч боломжгүй. Амьдрал нь цаг хугацаагаар хэмжигддэг учраас ч ар гэрийнхэн нь ард иргэддээ ханддаг. Бид хэдий хүртэл аж байдал нь тэртээ тэргүй амаргүй байгаа иргэдийнхээ хөрөнгө, мөнгөнөөс хугаслах вэ? Гадаадад эмчлүүлэх зардлыг иргэд гаргаж бай гэдэг хууль гаргах юмуу. Төр гэж байгаа л бол иргэдийнхээ амь насыг аврах л ёстой” гэж үзсэн.

Өвдөж зовсон хэн бүхэн эдгэрч өглөөний нарыг инээмсэглэн угтах болтугай. Эрүүл л байхад бүх зүйл аяндаа бүтнэ. Энэ хүний зүтгэж буй зүтгэл шийдлээ олоосой. Төр засаг дэмжээсэй. Алга хавсран гуйх зүйл ердөө л энэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.