Алтанбулаг дахь чөлөөт бүсэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин хямд байна

2022-03-9 Uncategorized
“Өдрийн сонин”-ы сурвалжлах баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Алтанбулаг суманд ажиллалаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын цаана, хойд хилийн зурвас дагуу орших энэ суурин Улаанбаатар хотоос 340 орчим км-ийн зайтай. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаад буй энэ өдрүүдэд Алтанбулаг дахь чөлөөт бүсээс сурвалжлага бэлтгэхээр тус сууринг зорьсон юм. Өглөө эрт нийслэлээс хөдөлсөн бид үдийн 11:00 цагийн алдад Алтанбулагт хүрч очлоо. 5000 орчим хүн амтай энэ сууринд амралтын өдөр түм түжигнэж, бум бужигнаж байна. Сумын төвийн төв замаас баруун гар тийш салж энхэл донхол ихтэй, манайхаар бол Дэнжийн мянгын гэр хорооллынхтой тун төстэй замаар сажилж хэдэн гудамж эргээд л чөлөөт бүс рүү орчихлоо.

Чөлөөт бүсийн үүдэнд 50 гаруй тээврийн хэрэгсэл дугаарлаад зогсчээ. Тэдний олонх нь Сэлэнгэ, Дарханы дугаартай портерууд. Өглөөнөөс хойш хоёр цаг орчмын хугацаанд дугаарлаж байгаа талаараа хөх портерын кабинд тамхилж суух хижээл насны эр хэлж байна. Ажлын өдрүүдэд ч ингээд л дугаарлаад зогсчихдог гэнэ. Амралтын өдрүүдэд бол илүү хөл хөдөлгөөнтэй байдаг аж. Үндэсний хэмжээний баяр дөхсөн өдрүүдэд бол оочер дараалал замаа алдаж хөл толгой нь мэдэгдэхээ больдог талаар жолооч нар онцолж байна. Эмэгтэйчүүдийн баяр хаяанд ирээд буй энэ цаг үед Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Булганы дэлгүүрүүд өргөн хэрэглээний бараагаа татахаар дугаарлаж зогсоо нь энэ аж. Чөлөөт бүс 09:00 цагт үүдээ нээдэг ч 08:00 цагаас эхлээд л тээврийн хэрэгслүүд дугаарлаад зогсчихдог байна. Дугаарласан тээврийн хэрэгслүүдийн хажуугаар явж чөлөөт бүсийн хашааны үүдэнд очвол Алтан булаг дахь Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагч залуу ирж мэнд мэдлээ. Хил хамгаалахын байрны харуулын путикнээс дотогш нэвтрэх цагаан хуудас аваад бид цааш хөдлөв. Хилийн цэргийн дүрэмт хувцастай залуугийн зөвлөж буйгаар бол чөлөөт бүсийн төв байранд суух гаалийн байцаагчид иргэний үнэмлэхээ харуулж онцгой татвартай бараа бүтээгдэхүүн худалдаж авах эрхийн бичгийг авах шаардлагатай гэнэ. Цэнхэр өнгөтэй алгын чинээ цаасыг тэд деклараци гэх. Нэг декларациар хоёр шил архи юмуу, гурван шил вино худалдаж авах боломжтойг гаалийн байцаагч эмэгтэй анхаарууллаа. Мөн нэг боодол тамхи авч болох гэнэ. Нэг хүнд нэг л декларци олгоно. Харин онцгой татвартай бараа бүтээгдэхүүн буюу архи, тамхи авахгүй бол декларацийн шаардлага байхгүй, зөвхөн цагаан хуудсаа үзүүлээд л нэвтэрнэ. Ингэхдээ нэг хүн гурван сая төгрөгийн дотор л бараа бүтээгдэхүүн авах боломжтой юм билээ.

Чөлөөт бүсийн хашаа руу ороход арав орчим дэлгүүр бий. Тэдний олонх нь архи, тамхи, вино худалдаална. Архины лангуу нь үнэ хямдын хажуугаар сонголт өргөн. Улаанбаатарт 60.000 орчим мянгаар худалдаалагддаг Finlandia л гэхэд чөлөөт бүсэд 34.000 төгрөгөөр л худалдаалагдаж байх жишээний. Jack daniels 60.000, sky 30.000, danzka 30.000 төгрөг гэхчлэн ханштай. Улаанбаатар дахь лангууд руу 90 мянгаар, цэнгээний газруудад бол 100 хол давах мянгаар худалдаалагддаг Английн Jemeson виски чөлөөт бүсэд 57000-аар худалдаалагддаг. Тэрчлэн 20.000 доош ханштай архинуудыг лангуун дээр ярайтал өрчихсөн байгаа харагдана лээ. Анзаарахад хүмүүс хямд архинуудыг нь нэг их тоохгүй юм. Эмэгтэйчүүдийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор виног хэд хэдээр нь торлоод гарч байгаа харагдав. Виноны тухайд дундаж ханш нь 30.000-40.000 төгрөг. Түүнээс хямдхан нь ч бий. Товчхондоо нийслэлд худалдаалагдаж буй үнийн дүнгийн тал хувиар нь худалдаад авчих боломжтой. Гэхдээ өнөөх декларацитай холбоотой бөөнөөр авах боломж хязгаарлагдмал. Дөрвөн хүнтэй нэг тээврийн хэрэгсэл нэвтэрлээ гэж тооцоход найман шил вино л авч болно. Манайхан л юм хойно ахиухныг аваад гарах арга саам хайгаад олчихож. Чөлөөт бүс рүү нэвтэрсэн иргэдийн зарим нь онцгой татвартай бараа худалдан авах зөвшөөрөл буюу декларацийг 10.000 төгрөгөөр худалдаална. Үүнийг нь худалдаж аваад л ахиухныг торлоод гарч яваа хүмүүс түгээмэл харагдана лээ. Энэ бүхнээс анзаарахад чөлөөт бүсэд хамгийн эрэлттэй бараа нь архи болон вино байх юм. Үйлчлүүлэгчдийнх нь байр суурийг сонсоход орос архинуудыг хашаанаас гаргаад л нугалсан үнээр зарчих тохиолдол байдаг аж. Өдрийн хэд ч орох тохиолдол байдаг гэнэ. Чөлөөт бүсийн хашааны орчимд архи худалдаж авах хүмүүс нь ч ар араасаа дугаарлаад хүлээж байх. Дотроос архи гаргаж дамладаг нөхдүүд өдөрт л хамгийн багадаа 100 мянга орчим төгрөгийн ашигтай ажилладаг юм байна.

Арван хэдэн дэлгүүрийн хамгийн баруун талд намхан дэнж дээр байрлах том саарал дэлгүүрийн үүдэнд тээврийн хэрэгслүүд битүү дугаарлаад зогсчхож. Сонирхож очвол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн энд өргөн сонголт хямд үнээр худалдаалагддаг аж. Будаа, сахар, үзэм, кг-ын чихэр, төрөл бүрийн жимс, сальфетка, 00-ын цаас, гэр ахуйн бараа гэхчлэн өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай юм бүхэн л энэ дэлгүүрт бий. Бүх бараагаа нэг дороос хямд үнээр худалдан авах орчин нөхцөлийг бүрдүүлсэн учраас үйлчлүүлэгчид ч шопрот шиг л чихэлдэж байх юм билээ.

Манайд хамгийн өргөн хэрэглэгддэг цагаан будаа гурав болон таван кг-ын савлагаатай худалдаалагддаг. Кг будаа 2480 төгрөг. Гурвалжин будаа л гэхэд 4400 төгрөгийн ханштай. Лангуун дээрх гурвалжин будааг үйлчлүүлэгчид булаацалдаад л авч байх. Цагаан будаанаасаа илүү эрэлт хэрэгцээтэй нь үйлчлүүлэгчдийн хандлагаас ил цагаан харагдана. Харин хөц будаа 8.500 төгрөгөөр худалдаалагддаг.

Мөн ястай хушга кг нь 9000 төгрөг. Мөн л эрэлттэй хүнс. Хүүхдийн тархины үйл ажиллагаанд тэжээл өгдөг гэх энэ хүнсийг хүмүүс өргөн хэрэглэх болж. Мөн хушганы идээ 21500 төгрөгөөр худалдаалагдаж буй нь хүмүүсийн таашаалд нийцэж байна лээ. Улаанбаатар хотын захуудад өнөөдөр ястай хушга нь 18.000, хушганы идээ даруй 40.000 төгрөгийн ханштай худалдаалагддаг. Компотын холимгууд ч олон төрлөөрөө бий. Хүмүүс ч их сонирхоно. Нийслэлд 18000 төгрөгөөр худалдаалаг энэ компотны холимгийг тал үнээр нь буюу 9000 төгрөгөөр л чөлөөт бүсээс худалдаад авч болно.

Үйлчлүүлэгчдийн хүнсийг цаасан хайрцагт хийж скочдоод өгдөг хүмүүс нь тусдаа байдаг. Орсон хүн хамгийн багадаа л гурван цаасан хайрцаг хүнс аваад гарч байлаа. Нэг цаасан хайрцаг хүнс ойролцоогоор 40.000-50.000 төгрөг болж байна лээ. Бид нийслэлээс гарахдаа замдаа хэрэглэх тал тор хүнс авахад л 70.000 гаруй мянган төгрөг болсныг энд онцолъё.

Чөлөөт бүсийн дэлгүүрт энэ бүгдийг ганцхан кассад дугаарлаж бараа бичүүлдэг нь урт дараалал үүсгэж байгаа нь анзаарагдсан юм. Хүнсээ цуглуулчхаад хамгийн багадаа 20 минут дугаарлаж бараа бичүүлж байлаа.

Үйлчлүүлэгч: Нойлын цаасыг 900 төгрөгөөр аваад л 1200-д зарчихдаг юм

Нэгэн үйлчлүүлэгч том авдрын хэмжээтэй баглаж боосон сальфетка, 00-цаас зэргийг аваад гарч явахад нь тааралдаж цөөн хором ярилцсан юм.

-Та Улаанбаатараас явна уу?

-Тийм ээ, хотоос явна. Өглөө гараад л буцах санаатай гарч явна.

-Та маш их хэмжээний сальфетка нойлын цаас авчээ. Хэдий хугацаанд борлуулах вэ?

-Ямар нэгэн саад учрахгүй бол долоо хоногийн хугацаанд л борлуулчихдаг юм. Хоёр долоо хоногт нэг удаа л чөлөөт бүсээс бараа татдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “ковид 19”-өөс шалтгаалж чөлөөт бүсийн үйл ажиллагаа доголдоод байсан. Саяхнаас л хэвийн болж байна.

-Эндээс авсан бараагаа хот руу авч очоод л нийлүүлж байна уу?

-Хойноос орж ирж байгаа сальфетка чанартай байдаг. Томоохон ресторан, зоогийн газруудад нийлүүлдэг юм. Нойлын цаасыг бол зочид буудлуудад өгчихдөг, дуртай авдаг юм. Урд хил хаагдсантай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомстоод байгаа нь тодорхой хэмжээнд нөлөөлдөг байх. Ялангуяа зэрэглэл өндөр ресторан зоогийн газрууд эндээс авсан сальфетка авах их дуртай.

-Эндээс ямар ханштай авч байна?

-Мэдээж татваргүй бараа хямд л авч байгаа юм даа. Тоймлоод хэлэхэд эндээс ширхэг нойлын цаасыг 800-900 төгрөгөөр худалдаж аваад 1200 төгрөгөөр нийлүүлдэг юм. Замын зардлаа хасаад тооцоход дажгүй л ашиг олчихдог. Хамгийн гол нь чөлөөт бүс дэх энэ төрлийн бүтээгдэхүүн чанартай байдаг учраас цааш нь нийлүүлэхэд нүүр бардам амар байдаг. Надад дараа дараагийн захиалгууд ч орж ирсэн байна

-Та эндээс бараа бүтээгдэхүүн худалдаж авч борлуулаад хэдэн жил болж байна вэ. Үнэ ханш нь тогтвортой байна уу?

-Өмнө нь урдаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг байлаа. Бүтээгдэхүүний чанартай холбоотойгоор хэл ам их гарна. Харин урд хил хаагдсанаас хойш эндээс бараа бүтээгдэхүүн авч борлуулдаг болсон юм. Улаанбаатараас Замын-Үүд ороход 600 орчим км-ийн зайтай. Харин Алтанбулаг руу 300 гаруй км замыг хэдхэн цаг туулж ирээд л бараагаа аваад буцдаг болсон. Урдаас татдаг бараатай үнийн дүнгийн тухайд нэг их ялаагүй ч чанарын тухайд хол эндэх нь илүү байдагт сэтгэл хангалуун байдаг. Урдаас оруулж ирдэг сальфеткануудыг ресторан зоогийн газрууд тоодоггүй байлаа” гэв.

Түүний тухайд ширхэг нойлын цаасанд 300-400 төгрөг нэмээд л борлуулж чамгүй ашиг олсноо нуусангүй. Хөдөлж буй хүн бүхэнд л боломж байдгийг онцлоод том тэрэгтэй сальфетка, нойлын цасаа түрсээр одов.

Чөлөөт бүсийн дэлгүүрүүдийн лангуунд түгээмэл харагдах хүнс бол төрөл бүрийн гоймон. Өнгө өнгөөр нь алаглуулж өрсөн янз бүрийн хэлбэр дүрстэй гоймон руу хүмүүс хошуурах юм билээ. Үнэ нь 2500-5000 хооронд хэлбэлзэх гоймон эндхийн эрэлттэй хүнсний нэг нь. Хэд хэдэн боодлоор нь багцлаад гарч буй зураг нийтлэг харагдана.

Худалдагч Л.Болор: ОХУ-ын зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоож эхэллээ

Лангууны худалдагч нар зогсоо зайгүй ажилласаар байх аж. Чөлөөгөөр нь цөөн хором хөөрөлдлөө.

-Ачаалал их байна уу?

-Чөлөөт бүсээр өдөрт 2000 хүн үйлчлүүлдэг гэх тооцоо бий. Баяр дөхсөн өдрүүдэд ачаалал бүр нэмэгддэг юм. Яг тэр үе нь энэ өдрүүдэд тохиож байна. Энэ дэлгүүрээр л гэхэд өдөрт 500 орчим хүн орж ирдэг юм. Манайх хүнсний бүтээгдэхүүн л худалдаалдаг. Онцгой татвартай барааны дэлгүүр илүү ачаалалтай ажилладаг.

-Нэг хүн л гэхэд 3-4 хайрцаг хүнс аваад гарч байгаа харагдах юм. Ер нь хүнсний нөөцөө хэрхэн бэлтгэж байна вэ?

-Өдөр бүр шахуу л татдаг юм. Гэхдээ өнөөдөр бараа авахаар хил нэвтэрсэн тээврийн хэрэгсэл маань ачаа авч чадаагүй тухай мэдээ сая дууллаа. ОХУ-ын талаас дайны нөхцөл байдлаас шалтгаалж бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг хязгаарлаж байгаа юм шиг байна.

-Өглөө 09:00 цагт нээдэг юм байна. Орой хэд хүртэл ажиллах вэ?

-Орой 18:00 цагт хаалгаа барьдаг. Өглөө 09:00 гэхэд дэлгүүрээ нээчихсэн байдаг юм. Би өөрөө ажилдаа Сэлэнгийн Сүхбаатар хотоос ирдэг. Өглөө 08:00 цагт ирэхэд л чөлөөт бүсийн үүдэнд бараа ачих тээврийн хэрэгслүүд дугаарлаад зогсчихсон байдаг. Ядаж цагийн өмнө дэлгүүрээ нээдэг бол гэх бодол төрдөг юм. Ялангуяа ийм ачаалалтай үед эртхэн нээдэг бол. Одоо өдөр минут минутаар уртасч байна. Орой 18:00 цагийн үед нар жаргаагүй байдаг юм. Тийм үед зуны цагийн хуваарьт шилжиж, ядаж 20:00 цаг хүртэл ажилламаар байна. Хэдэн цаг дугаарлаж орж байгаа үйлчлүүлэгчид ч тухтай бараагаа цуглуулаад гарах боломж бүрдэнэ. Зуны цагийн хуваарьт шилжээд ажиллавал хаанаа л ашигтай санагддаг юм гэв.

ОХУ-ын талаас өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд л экспортын бараандаа хязгаарлалт тогтоож эхэлснийг чөлөөт бүсийн худалдагчид онцолж байлаа. Хойд хөршийн зүгээс дайнтай холбоотойгоор экспортын бараандаа хязгаарлалт тогтоож магадгүй нь. Европын холбооны улс орнуудын зүгээс ОХУ-д эдийн засгийн хориг тавиад эхэлсэн. Ийм нөхцөлд ОХУ хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа жимс, жимсгэний экспортод хязгаарлалт тогтоогоод эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Алтанбулагийн чөлөөт бүсийн жимсний төрөлжсөн дэлгүүрт орос алим кг нь 7000 төгрөг, мандарин 7900 төгрөгийн ханштай байна. Нөөц нь хязгаарлагдмал болж байгааг худалдагч нь хэлж байлаа. Эндээс 7000 төгрөгөөр гарсан алим хэдхэн км-ийн зайд орших Сүхбаатар хотод 13000 төгрөгөөр худалдаалагддаг аж. Энд эрэлттэй өөр нэг бараа нь хар чавга. 9000 төгрөгөөр худалдаалагддаг ясгүй хар чавга энд алим, мандаринаас илүү гүйлгээтэй. Хэдхэн хором зогсоод анзаарахад л орсон 10 хүний тав нь хар чавга хайрцаглаад гарч байсан юм. Мөн үзэм шар, бор гээд төрөл төрлөөрөө бий. Төрлөөсөө шалтгаалаад 9.000-11.000 хооронд үнэ нь хэлбэлздэг.

Улаанбаатарын аль ч зах, худалдааны төвийн лангуунд 20.000 мянга давсан үнээр худалдаалагддаг чихэрнүүдийн чөлөөт бүс дэх үнэ нь 10.000 төгрөг. Түүнээс доош нь ч ханштай бий.

Чөлөөт бүс өдөрт 2000, сард давхардсан тоогоор 60000 орчимд хүн үйлчилгээ үзүүлдгийг захиргаанаас онцолж байлаа. Харин 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудал үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдгийг иргэд хэлж байна. Тэр олон тээврийн хэрэгсэл сүлжээд явахад угалзарсан тоос босох жишээний. Наад зах нь л тухтай бие засах боломж энд хязгаарлагдмал. Асуудал гарвал бохир модон 00-д орохоос өөр арга байхгүй.

Алтанбулагт чөлөөт бүс байгуулагдсанаар эдийн засаг илэрхий сайжирсныг сумын иргэд хэлж байлаа. Чөлөөт бүсийг зорьж очсон улс тухтай хоноглоод, халуун хоол идээд гарахад сонголт Алтанбулаг сумын төвд арвин бий. Энэ ч утгаараа сумын өнгө үзэмж нь сайхан, иргэд нь ч чинээлэг юм билээ. Эндхийн айлууд гоёмсог дүнзэн байшин хийгээд ёотон шиг цэвэрхэн хашаатай. Иргэд нь хөдөлмөрч, амьжиргаатай нь ил цагаан харагдана. Эртний түүхт Алтанбулаг нутгийн чөлөөт бүс дэх амралтын өдрийг сурвалжлахад товчхондоо ийм байна.

Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан ийм цаг үед нийслэлчүүд хотоос гарч 300 гаруйхан км давхиад л Алтанбулагийн чөлөөт бүс рүү очиж өдөр тутмын хэрэгцээгээ хямд үнээр хангаад байх боломжтойг худалдаа эрхлэгчид онцолж байлаа. Заавал Замын-Үүд гэж хэдэн зуун км-ийн зайг туулах биш хойд хил рүү давхиж очоод л хямд үнэ, өргөн сонголт бэлэн байгааг чөлөөт бүсийн захиргааныхан хэлж байсан юм. Буцахдаа бүх төрлийн даршилсан ногоо, чацаргана зэргийг замаасаа авах боломжтой. Говийн хөмүүл хүртэл бий. Замын улс ч өргөнөөр үйлчлүүлэх юм билээ. Харин зам дагуу гар дээрээс худалдаа эрхэлж буй хүмүүсийг цагдаа нар, мэргэжлийн хяналтын байцаагчид нь ирж хөөж туугаад байдаггүй. Бүтээгдэхүүний дээжээс нь амсаж үзээд л авахад нээлттэй.

ӨДРИЙН СОНИН Нийтлэлч: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.