Монгол Улсын хамгийн том төрөх эмнэлгүүдийн нэг болох Нийслэлийн Өргөө амаржих газар нь Хан-Уул, Баянгол, Чингэлтэй болон Багахангай дүүргийн 300,000 гаруй эмэгтэйчүүдэд үйлчилдэг. Нийслэлийн Өргөө амаржих газарт нийт 70 орчим ариун цэврийн өрөө байдаг хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй өрөө байгаагүй тул “Ийм БолГоё” хөдөлгөөнөөс хүртээмжтэй, жишиг ариун цэврийн өрөөг тохижуулах бичил төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дэмжлэгтэйгээр гүйцэтгэж 12 сарын 20-ны өдөр хүлээлгэн өглөө.
Арга хэмжээний үеэр Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, хатагтай Регина Рутенберг төслийг амжилттай хэрэгжүүлсэн багийн гишүүдэд талархал илэрхийлж, тусгай хэрэгцээтэй жирэмсэн эхчүүдэд халамж үзүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эдгээр эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулахад хувь нэмэр оруулж буйд их баяртай байгаагаа онцоллоо.
Мөн Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг төслийг санхүүжүүлсэн болон хэрэгжүүлсэн байгууллагуудад талархал илэрхийлээд бусад төрөх эмнэлгүүд ч мөн адил орчин нөхцөлөө сайжруулах сэдэл энэхүү жишиг төслөөс авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Төслийн хүрээнд тус эмнэлгийн мэс заслын дараах тасгийн нийтийн ариун цэврийн өрөөг тэргэнцэртэй иргэд ашиглах боломжтой байдлаар бүрэн тохижуулсан байна. Ийм БолГоё хөдөлгөөний хувьд нэг удаагийн засвар хийхээс илүүтэй энэхүү төслийг жишиг болгож, цаашид хүртээмжтэй ариун цэврийн өрөөний стандарт, удирдамжийг боловсруулж бусад эмнэлгүүдтэй нээлттэй хуваалцах нь бичил төслийн гол зорилго гэдгийг онцолсон байна.
Ийм БолГоё хөдөлгөөн нь эх нялхсын эрүүл, аюулгүй орчинд амаржих, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хамгаалах зорилготой бөгөөд Олон улсын эхэд хүндэтгэлтэй төрөх тусламжийн зөвлөл (Global Respectful Maternity Care Council)-ийн гишүүн ажээ.
Гэрэл зургийг Suniko
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30708
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.