Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “2022.01.05-ны өдрийн 23.00 цагийн байдлаар коронавирусийн халдварын Омикрон хувилбар дэлхийн 138 улсад бүртгэгдэж, 108 хүн эндээд байна.
Европын холбооны улс болох Норвеги, Австри, Герман зэрэг оронд сүүлийн 24 цагт шинэ хувилбарын тохиолдлын тоо хамгийн ихээр бүртгэгдлээ. Мөн АНУ болон канад улсад тохиолдлын тоо өндөр бүртгэгдсэн байна.
Манай улсын хувьд ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу:
-Эрсдэлд суурилсан хилийн танадалтын хариу арга хэмжээ
-Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хариу арга хэмжээ
-Бүүстэр тунгийн судалгаа, хамрагдалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
2021.11.27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийтдээ 106 нислэгээр 10.000 гаруй зорчигч ирсэн. Эдгээр зорчигчдоос 199 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан.
Зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг улс орноор нь ангилбал:
-Турк улсаас 92
-Тайландаас 29
-АНУ-аас 25
-БНСУ-аас 12
-Дубайгаас 11 тохиолдол зөөвөрлөгдсөн байна.
Дубай, Тайланд, Турк улсаас ирж байгаа бүлэг аялалаас зөөвөрлөгдсөн тохиолдол олноор батлагдаж байна. Иймээс иргэд хил давсан эрсдэл өндөр байгаа тул аялал, бизнесээ төлөвлөхдөө анхаарах хэрэгтэй байна.
Нийтдээ 106 нислэгээс 59-д нь буюу 2 нислэгийн нэгэнд нь зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдэж байна. ХӨСҮТ-өөс танадалтын судалгааг гаргаж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлалтын байранд 3 хоног байхад нь шинжилгээг авч байгаа. Тусгаарлан ажиглах байрны 48 дахь цагаас эхлэн шинжилгээг авч, 72 цагаас өмнө хариуг гаргаж байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд илэрсэн эерэг тохиолдол 98 байна.
Өнгөрөгч сарын 25-ны өдрөөс эхлэн 3 хоногийн тусгаарлалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 98 тохиолдол батлагдсан гэсэн үг. Эдгээрээс ойрын хавьтлын судалгаанууд хийгдэж, өрх болон харьяа орон нутгийн нэгж рүү мэдээлэл хүргэгдэж байгаа.
Алтанбулаг боомт, Цагааннуур, Боршоо боомтуудад эрсдэлд суурилсан танадалтын хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэлээ.