ЭМЯ-ны зүгээс гадаадаас ирсэн иргэдтэй 10 хоног уулзахгүй байхыг зөвлөв

2021-12-17 Мэдээ мэдээлэл

О.Батбаяр: Хилийн хяналтыг сайжруулбал омикрон хувилбараас сэргийлэх боломжтой

Эрүүл мэндийн яамнаас Ковид19 халдварын шинэ хувилбар болох омикрон хувилбарын талаарх мэдээлэл өглөө. 

Энэ талаар тус яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр “Одоогоор омикрон хувилбар 88 оронд тархаад байна. Энэ хувилбарын халдварлах түвшин хамгийн өндөр байгааг ДЭМБ онцолсон. Улмаар улс орнын эрүүл мэндийн салбаруудыг бэлтгэлээ хангахыг сануулсан. Түүнчлэн ДЭМБ вакцины нэмэлт тунг эсэргүүцэхгүй гэдгээ албан ёсоор зарласан. Манай улсын хувьд бэлтгэлээ базааж байна. Их Британд эхний нас баралт бүртгэгдсэн. Халдварын тархалт ч эрс өссөн байна. Лондон хотод шинэ хувилбарын улмаас иргэд гэрээсээ гарахгүй байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа даахгүй байгаа гэдгээ зарласан. Үүний нэг шалтгаан нь эмнэлгийг олон ажилчид өвдөж, ажиллах хүчний дутагдалд орсон. Манай улсад ч ийм эрсдэл үүсэх магадлалтай. 1-2 сарын дараа дэлхийн улс орнууд дельта болон омикрон хувилбарын давлагаанд өртөх эрсдэл үүсээд байна. 

Омикрон хувилбар цагаан мөгөөрсөн хоолойн салстад богино хугацаанд хуваагдан олширч байгааг дэлхийн эрдэмтэд нотолсон. Халдварлах чадвар өндөр байгаатай холбоотойгоор уушгины эд эсэнд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстад нэвтэрч олширч байна. Тиймээс нус гоожих, найтайх, хоолой өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэг давамгайлж байна. Танд томуу төстэй ийм шинж тэмдэг илэрч байвал томуу гэхээс илүү омикрон хувилбарын шинж тэмдэг болохыг дэлхийн эрдэмтэд мэдээлж байна. Омикроны шинж тэмдэгийг хөнгөн гэж үзэж болохгүй. Манай улсад өвлийн улирал тохиож буй учир өвчлөл хөнгөн байх магадлал бага. Дельта хувилбараар өвдсөн иргэд дахин омикроноор өвдөх эрсдэл өндөр байна. Шинэ хувилбараас сэргийлэх гол аргыг гуравдугаар тун гэж олон улсад үзэж байна. Улс орнуудад нөхцөл байдал хүндэрч байгаа ч манайх цөөн хүн амтай, хоёр л улстай хиллэдэг нь давуу тал юм. Шинэ хувилбар дотоодод бүртгэгдээгүй учир хилийн хяналтыг сайжруулж чадвал сэргийлэх боломж байна. Үүний тулд иргэд гадагшаа явахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Л.Билэгсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “ДЭМБ-ийн зөвлөмжид эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авна гэсэн байгаа. Манай улсад шинэ хувилбар гаднаас зөөвөрлөн ирэх магадлалтай учир хилийн тандалтын хариу арга хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 11 дүгээр сарын 28-наас эхлээд хилийн тандалтын хариу арга хэмжээ авч эхэлсэн. Нисэхийн тандалтын мэдээллийг та бүхэнд хүргэе. Өнөөдрийн байдлаар 48 нислэгээр 5411 зорчигч ирсэн. Бид хил дээр ирж байгаа хүмүүсээс хоёр төрлийн шинжилгээ авч байгаа. Нийт 38 тохиолдол зөөвөрлөгдсөн. 20 нь хилийн нэвтрэх цэг дээр эерэг гарсан бол гэрийн тусгаарлалтад байх хугацаанд нь 16 тохиолдол эерэг гарсан. Түргэвчилсэн шинжилгээгээр хоёр хүнээс халдвар илэрсэн. 

Нийт илэрсэн тохиолдлыг хувилбараар нь ангилж үзвэл: 

  • Дельта 16
  • Альпа 7
  • Энгийн 3

Хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. Мөн гэрийн хяналтад байх 10 хоногийн дөрөвдэхь хоног дээр нь PCR шинжилгээ авч байна. Эерэг тохиолдлуудад хувилбарын тандалтын шинжилгээг хоёр шаттай хийдэг. Эхнийх нь PCR-д суурилсан тандалтын шинжилгээ болон генийн дараалал тогтоох шинжилгээгээр баталгаажуулдаг байгаа. Нийт 48 нислэгийн 14-т нь эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор нийт 12 улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн олонх нь Турк улсаас илэрч байна.

Тодруулбал,

  • Турк- 14
  • Арабын нэгдсэн Эмират улс- 10
  • Тайланд- 4 тохиолдол батлагдлсан. Бүлэг аяллаар гадаад явсан иргэдээс халдвар илрэх тохиолдол түгээмэл байна. Гэрийн хөл хорио нь дууссан 2750 иргэн байна. Одоо 2107 иргэн хөл хорионд байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.