Хоёр оо, сөрөг хүчнийхээ ажлыг хийгээч ээ…

2021-12-8 Uncategorized


Хоёр даргатай, хоёр АН-тай болоод зөндөө удлаа. Ажиглаад байхад энэ хоёр маань намын тамга, тэмдэгний асуудал, даргын суудлын даруулганы явдал дэгдэхэд л яг сайхан шоволзоод гараад ирэх юм даа. Таван нам нэгдэн АН-ыг байгуулсан ойн өдрөөрөө бас л хоёр талд ажиллалаа. Тулгатын АН Мөсөн өргөөнд Хүний эрхийн үндэсний чуулган зарласан бол Цогтгэрэлийн АН Онц их хурал хуралдууллаа. Тэднийг хоёр талцаад, хормойгоо гишгэлээд, хоорондоо 25 км-ын зайтай танхимд, хотын хоёр талд хоёр хуваагдан хурал зарлаад гүйлдэж байх зуур сөрөг хүчингүй парламент сөрсөн базаатай, сөнөмөөр алдагдалтай төсөв батлуулж амжлаа. АН-ын парламент дахь 11 гишүүн эрх баригчдад юм юмаараа барьцаалагдаад, хөдөлж чадахгүй, хөлсөө шударч амжихгүй хоёр дахь жилтэйгээ золгож байна. Гэхдээ парламентын гаднаас сөрөг хүчний ажлаа хийж, үзэл бодлоо илэрхийлэн, үгээ хэлэх боломж аль ч АН-ынханд нээлттэй шүү дээ. Одоо тэр тамга тэмдэг бол цаг хугацааны л асуудал болсон. Энэ залуусын хэн нь ч, ямар ч алхам хийсэн АН л гэж харагдана. Тиймээс тамга тэмдэгний маргаанаа хэсэгтээ хаяад сөрөг хүчний ажлаа хиймээр байна аа, хоёр оо. Танай АН байргүй, байгүй, тогтсон даргагүй, торгоосон эрхгүй байгаа нь үнэн хэдий ч энэ нь сөрөг хүчний орон зайг ингэтэл нь эзэнгүйдүүлэх шалтгаан биш ээ. Сөрөг хүчин болох ёстой хүмүүс нь бие бие рүүгээ чулуу нүүлгээд завгүй байх зуур нөгөө муу хэдэн сэтгүүлч л эрх баригчдын алдааг шүүмжилж, ам руугаа алгадуулж, элдвээрээ хэлүүлж, эгнээ сарниж яваа нь үнэн шүү дээ. Тэртэй тэргүй та хоёрын хэн нь жинхэнэ удирдагч вэ гэдгийг олон нийт ялгаад өгнө, дагаад дэмжинэ. Тэр цагт тамга тэмдэг өвөрлөсөн, өвөрлөөгүй нэгдэх шаардлага, нэг нэгнийгээ сонсох хэрэгцээ үүснэ. Тиймээс хоёр оо, ах нарын амыг хараад байлгүй, сөрөг хүчний ажлаа хийгээч ээ, ардчилсан улс баймаар байна аа. Хоёр АН-тай байх боломж дахиж олдоо ч уу, үгүй ч үү. Хоёр дахин их хүчээр ажиллах давуу тал юм биш үү, энэ хуваагдал чинь. Хоёр зэрэг ажиллаад бай даа, хойшоо суух эрх хэн хэнд чинь үгүй л баймаар юм аа. Заавал тамга атгаж байж ардчилсан үзэл илэрхийлдэг гэж хэн хэлсэн юм бэ, духан дээрээ дарах гээгүй бол одоохондоо тэр тамганы хэрэг алга. Хийж байгаа ажлаар чинь харин хэн нь ардчилсан зүрх сэтгэл, зүг чигтэй зүтгүүр вэ гэдгийг олон нийт овойтол тодорхойлоод өгнө за. Тамгатай л бол ажиллана, тамгагүй бол хөдлөхгүй гэдэг чинь энүүхэндээ гэхэд их л хувьчхан зан юм шүү дээ. АН-аас биш, ардчилсан үзэл баримтлалаасаа зүүгдээд өг дөө. Тэртэй, тэргүй танай АН Элбэгээгийн сүүдэрт, Женкогийн жаварт, Эрдэнийн эмгэнэлд, үхсэн буурын толгойноос зугтдаг амьд атнуудынхаа дунд айдас гэдэг үүрдийн ачаатай, ахархал гэдэг зуурдын ганзагалаандаа цуцсан. Цуглаж биш, цувж явдаг болсон. Хоёр хуваагдаад ч гэсэн цугладаг ганц алтан шалтгаан нь та хоёр болчихоод байна! Одоо Элбэгээг дуудвал зайгаа барина, Женког дуудвал зугтана, Эрдэнийг дуудвал элэглэнэ, Алтанхуягийг дуудвал ам асууна, танай танхай гишүүд. Тэгээд бод доо, бод. Тиймээс сөрөг хүчнийхээ ажлыг хий дээ. Та хоёрын наад хар толгой, хамжааргаддаг нэр төр хоёроос чинь хаашаа ч зайлахгүй болсон гэж мэд!

Нийтлэлч Р.Эмүжин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.