Д.Цэнджав: Ковидын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй

2021-10-14 Мэдээ мэдээлэл

Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн  Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм.


-Коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, хөнгөн болон хүндэвтэр хүмүүсийг эмчлэх гэсэн хоёр тусдаа асуудал бий. Нэн хүнд, хүнд өвдсөн, амьсгалын аппаратад орсон хүмүүс эрчимт эмчилгээний тасгаас гараад тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналтад сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой. Тухайн хүнд сэргээн засах эмчилгээг үзүүлэхдээ ачааллыг тохируулж, дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй.

Эрчимт эмчилгээний тасгаас гарсан иргэд амьсгаадах, ядрах тохиолдол их байгаа. Тиймээс эдгээр хүнийг мэргэжлийн эмчийн хяналтад зургаан минутын алхааны сорил болон бусад сорилоор алхам алхмаар сэргээх ёстой юм. Харин хөнгөн болон хүндэвтэр байдлаар өвдсөн, уушгины хатгалгаагаар хүндрээгүй, гэрээр эмчлэгдсэн иргэд заавал эмнэлгийн байгууллагад сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

Дэлхий нийтэд гэр бүл, хамт олноо түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэж бий. Гэр бүл, нийгэмд түшиглэсэн сэргээн засах эмчилгээг зөв зохистой хийхийн тулд НЭМГ-аас телемидциний аргаар эмчлэх байдалд сургая гэж байгаа.

Иргэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж авч байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө биш. Иргэд ямар нэг сүлжээний эм, бэлдмэлүүдийг ихээр хэрэглэж байна. Мөн бие биедээ аман зөвлөгөө өгөхөөс гадна дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучууд дасгал хөдөлгөөнийг эрчимтэй нэмснээс болж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж, мэдрэл сульдлын хам  шинж даамжирч байна.

Сэргээн засах тусламж, үйлчилгээний зааврыг ЭМЯ-наас батална. “Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар дэлхий нийтэд ч судлагдан, түр заавар гарч байгаа. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийг эмчлэхдээ мэргэжлийн байгууллагын эмч нарын заавар, зөвлөгөөг дагаж, зөв зохистой эмчилгээ хийлгэхийг анхааруулъя гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.