Сэтгэлзүйч өөрөө өөртэйгөө хэрхэн ажиллах вэ

2017-02-6 Сэтгэл зүйч хариулж байна

 Сэтгэлзүйч ч гэсэн хүн, гэхдээ . . .

Сэтгэл зүйн мэргэжлээр суралцан төгслөө гээд хүнд төрөлхийн заяасан болоод олдмол шинжүүдээ өөрчилж чаддаггүй. Гэтэл сэтгэл зүйчид мэргэжлийн онцлогтой холбоотойгоор бие хүний хувьд тавигдах шаардлагууд байдаг билээ. Судлаачид эдгээр цогц шаардлагыг олон янзаар томьёолж байгаа бөгөөд өдийг хүртэл нэгдсэн загвар байхгүй байгаа юм.

Юуны өмнө:

  • Биеэ авч явах байдал нь энгийн, хүнд итгэл төрүүлэхүйц, харц түвшин,
  • Харилцааны хувьд өөрийн асуудлыг дэлгэх хэмжээний бус боловч нээлттэй, дотно, хүний яриаг тэвчээртэй сонсож чаддаг, харилцааны мэдрэмжтэй, үгийг оновчтой сонгон хэрэглэж чаддаг,
  • Хийсвэр, логик сэтгэлгээ сайн хөгжсөн, уян хатан, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар сайн,
  • Сэтгэлийн хөдөлгөөн тэнцвэртэй, хүмүүсийн асуудлыг сэтгэлээсээ сонирхдог, хүнд ялгавартай ханддаггүй байх, асуудлыг хэт гүнзгий хүлээн авч шаналдаггүй байх,
  • Ажигч, өөрийн сэтгэлзүйн байдал, сул болон давуу талаа мэдэрч үнэлдэг, удирдаж чаддаг байх зэрэг чанарууд яригдана.

Сэтгэлзүйчийн сэтгэл хөдлөл . . . .

Сэтгэлзүйч хүнд асуудалд орсон хүн л хандана. Янз бүрийн золгүй тохиолдол, айдас түгшүүр, итгэлээ алдсан г.м. Энэ болгон нь нэг талаар амьдралын сөрөг туршлагыг хуримтлуулж байдаг. Аажмаар “хар шил”- ний цаанаас амьдралыг харахад хүргэж болзошгүй.

Ажлын ачаалалтай байдал гэр бүлийн уур амьсгалд нөлөөлөх талтай. Хэд хэдэн үйлчлүүлэгчтэй үргэлжлүүлэн уулзсаны дараа сульдаж ядрах, сэтгэл гутрах, хоосон оргих мэдрэмж, эрч хүчгүй болох, эерэг үр дүн гарах эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Их ачааллын дараа сэтгэлзүйч хэсэг идэвхгүй болдог. Энэ үедээ гэр бүлийнхний асуудал, хувийн амьдралд анхаарах нь багасдаг.

Мэргэжлийн энэхүү онцлогоос хамааран сэтгэл зүйчдийн ажлын ачааллыг тогтоож өгсөн байдаг. Тухайлбал сэтгэл засалч өдөрт 8-10 хүнтэй 2 бүлэгтэй ажиллах (нэг бүлэгт 2,5-3 хүртэл цаг зарцуулдаг) бол эмгэг сэтгэл судлаач нь нэг үйлчлүүлэгчид судлах аргаа сонгох, өвчний түүхтэй танилцах, ярилцах, оношлогоо хийх, дүгнэлт бичих үйл ажиллагаа нь анхан үзлэгт 3-5 цаг зарцуулдаг ба үүнээс оношлогоо дангаараа 1-2 цаг, давтан үзлэгийн үед 2 хүртэл цаг үргэлжилдэг тул өдөрт 2-3 үйлчлүүлэгч хүлээн авахаар ажлын ачааллыг тогтоож өгдөг байна.

Сэтгэлзүйчид сэтгэлзүйч хэрэгтэй…

 Сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх үед анхаарлаа төвлөрүүлэх, асуудалд дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, тэвчээртэй сонсох, нөлөөлөх зэргээр оюун ухааны ачаалал их шаарддаг. Нөгөө талаар сэтгэлзүйчийн үйл ажиллагаа хүний шийдвэр гаргах үйл явц, амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг билээ. Иймд сэтгэлзүйчид сэтгэл зүйч хэрэгтэй.

Сэтгэлзүйч өөртөө хэрхэн туслах вэ?

  • Мэргэжлээс гадуур янз бүрийн сонирхлыг хөгжүүлэх. Жишээ нь, төгөлдөр хуур тоглох, зохиол, яруу найраг унших, бичих, спортоор хичээллэх, аяллаар явах г.м.
  • Өөрийн эрүүл мэнд, хувийн зохион байгуулалт, ажил амралтын цаг, зөв хооллолт зэрэгт дээд зэргээр анхаарч байх
  • Ажилдаа шинэ арга барил, санаачлагыг нэвтрүүлж байх
  • Бясалгал хийж сурах
  • Ижил мэргэжлийн бус найз нөхөдтэй байх
  • Өөрийгөө бодитоор үнэлж сурах, “сэтгэлийн хөдөлгөөнөө барьж авах”
  • Нөхцөл байдлаа эргэцүүлж байх, жишээ нь, би үйлчлүүлэгчийн өмнөөс хэт ачаалал авахгүй, асуудалд хэт автахгүй байх г.м.
  • Орчноо өөрчилж, шинэ хүмүүстэй уулзаж ярилцаж байх
  • Мэргэжлийн зөвлөгөөнд тогтмол оролцож байх

 

 

 

 

 

<

Бууж өгөв

20 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.