КОВИД-19 халдварын цар тахлын амаргүй хүнд энэ цаг үед эрүүл мэндийн онцгой байдлын асуудлаарх Олон улсын Эрүүл мэндийн багийн хурлыг нийт 6 удаа, үүнээс 2021 он гарсаар 2 дахь удаагаа зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, Элчин сайдын яамд, Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл уригдан оролцож, Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагуудын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж бодисууд, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмэр, дэмжлэг туслалцааг үзүүлж ирснийг онцлон тэмдэглэж талархал илэрхийллээ.
Олон улсын эрүүл мэндийн багийн хурал нь эрүүл мэндийн онцгой байдлын үеийн анхаарал татсан, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг шуурхай, нээлттэй хэлэлцэж, хамтын шийдвэр гаргаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чухал ач холбогдолтой, үр дүнгээ өгсөн арга хэмжээ болдог бөгөөд өнгөрсөн хурлаас хойш дараах бодит ажлууд хийгдээд байна. Үүнд: Дэлхийн банкны санхүүжилтээр нэн шаардлагатай эрчимт эмчилгээний 1.27 сая ам доллар буюу 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн. Мөн Дэлхийн банкны банкны 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахыг ашиглалтад оруулсны зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулж байна.
Азийн Хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийг шинэчлэхэд нийт 22.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд үүнээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үйл ажиллагааг эхлүүллээ. Түүнчлэн АХБ-ны шинэ зээлийн санхүүжилтээр аймаг, нийслэлийн лавлагаа шатны эмнэлгүүдэд амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлж, УНТЭ, УГТЭ-т эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт хийгдэх зэрэг томoохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэний зэрэгцээ гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах нэгдсэн агуулахыг барих ажил хийгдэж байна.
Мөн НҮБ-ын “КОВИД-19 халдвартай тэмцэх эм, эмчилгээний тоног төхөөрөмж, хэрэгслийн хангамжийг дэмжих АСТ-А (ЭйСиТи-Эй)“ механизмын санхүүжилтийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтсээр дамжуулж шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг хүлээлгэн өгснийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 43 эмнэлэгт хуваарилсан. Үүний зэрэгцээ ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Женев хот дахь Төв оффис хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан 462,000 мэс заслын амны хаалтыг хүмүүнлэгийн тусламж болгон нийлүүлсэн. Энэ удаагийн ээлжит хурлаар бид КОВИД-19 халдварын Дельта хувилбарын давлагааны хүнд үед цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай, тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.