Улсын хэмжээнд Covid-19 халдвар авсан нийт хүүхдүүдийн 44 хувь нь 5-11, 0-17 насны 30 мянган хүүхэд байгаа юм. Тиймээс вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдүүдэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн /НЭМҮТ/ Биобэлдмэлийн үйлдвэрт 0-11 насныханд имммуноглобулин буюу халдвараас сэргийлэх уургийг тарихаар үйлдвэрлэлийн ажил ид өрнөж байна.
Иммуноглобулин нь Covid-19 халдвар үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны хамгаалалтын уургууд юм.
Өнөөдрийн байдлаар иммуноглобулин үйлдвэрлэх ажил дунд шатандаа явж байгаа аж. Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар дархлааг нь дэмжих байдлаар хийнэ. Товчхондоо эмчийн заавраар булчинд тарих тарилга юм. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчийн заавраар хийнэ. Янз бүрийн насны хүмүүст туршилтаар тарихад гаж нөлөө үзүүлээгүй. Хүний биед байдаг имммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина гэсэн үг. 0-11 насны хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний Covid-19 халдварын эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой болохыг тус төвөөс мэдэгдэж байна.
Дашрамд дуулгахад, одоогоор улсын хэмжээнд 40,228 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ. Энэ нь улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 195,250 халдварын тохиолдлын 20.6 хувийг эзэлж байна. Халдвар авсан нийт хүүхдээс 1,511 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэр нь иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хүчин чадалтай юм байна. Монгол Улсын хувьд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай аж.